Цөмийн технологийн магистрант Web of Science-ийн индекс бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүллээ

МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн Цөмийн технологийн хөтөлбөрийн магистрант, Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Н.Батцоож 2021 оны 10 дугаар сард АНУ-ын физикийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг, импакт фактор өндөртэй (IF=3.3) Physical Review C  сэтгүүлд хамтлагаараа өгүүлэл хэвлүүлжээ.

Н.Батцоож 2020 онд Цөмийн инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийг 3.6 голч оноотойгоор төгссөн. 2019 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Д.Чүлтэмийн нэрэмжит тэтгэлгийн эзнээр шалгарч байсан.

Н.Батцоож 2018 оноос хурдан нейтроны үйлчлэлээр цөмөөс цэнэгт бөөм гарах урвалын судалгааг Цөмийн физикийн судалгааны төвийн Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Г.Хүүхэнхүүгийн удирдлагаар явуулж байна.

Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн МУИС-ийн зохиогчдод цом гардуулах ёслолын арга хэмжээн дээр цахимаар уригдан оролцсон Кларивейт Аналитикс компанийн борлуулалт хариуцсан захирал Аарон Янгийн илтгэлд МУИС-д бүтээлийн тоогоор тэргүүлж буй эрдэмтэдийг эрэмбэлэн харуулсан. Уг жагсаалтад профессор Г.Хүүхэнхүү МУИС-д хэвлүүлсэн бүтээлийн тоогоор 4-рт эрэмбэлэгдэжээ. 2021 онд хэвлэгдсэн өгүүлэл нь Г.Хүүхэнхүү багшийн Physical Review төрлийн сэтгүүлд хэвлүүлсэн 13 дахь бүтээл юм. Эдгээрийн нэг нь Physical Review Letters (IF=9.2) сэтгүүлд хэвлэгджээ.

Цөмийн физикийн судалгааны төвийн ЭШАА М.Одсүрэн