МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв нь “Рентген шинжилгээ” олон улсын эрдэм шинжилгээний 6-р хурал (ICXRA-VI)-ыг 2023 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад рентген шинжилгээний онол, аргазүйг хөгжүүлэх, өргөжүүлэх, салбарын судлаачдыг дэмжих, сүүлийн үеийн дэвшлийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын эрдэмтэдтэй харилцан туршлага солилцох зорилгоор профессор П.Зузааны санаачлагаар анх 2006 онд зохион байгуулснаас хойш өдгөө 6 дахь цуврал нь болж байна. Энэ удаагийн хурлыг Цөмийн физикийн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч, Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтын дэд захирал асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын физик-математикийн ухааны анхны эрдэмтэн, гавьяат багш, академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг хүндэтгэн зохион байгуулсан юм.
Цөмийн физикийн судалгааны төвийн захирал Д.Ичинхорлоо хурлыг нээж үг хэлэхдээ МУИС-ийн захирлын 2023 оны A/220 тоот тушаалаар тус төв нь академич Н.Содномын нэрэмжит болсныг онцлов. Үргэлжүүлэн БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав нар хүрэлцэн ирж зочин төлөөлөгч, эрдэмтэн судлаач, оролцогч нарт мэндчилгээ дэвшүүллээ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг эрчимжүүлэх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж компаниудад салбар дундын болон салбар дамнасан нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд яамны зүгээс дэмжин ажиллаж байгааг илэрхийлэхийн ялдамд олон салбарт өргөнөөр ашиглагддаг рентген шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан академич Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэрийн хүрээнд энэхүү хурал зохион байгуулагдаж байгааг газрын дарга Д.Баттогтох цохон тэмдэглэв. ЦЭК-ийн Ажлын албаны дарга Г.Манлайжав Монгол Улс нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагт 1973 онд гишүүнээр элссэнээс хойш эдүгээ 50 жил болж байна. ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн анхны төслөөр рентген флуоресценцийн спектрометрийг Монголд авч суурилуулсан ба уг төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн зохицуулагч нь академич Н.Содном байсныг дурсан ярилаа. Мөн хурлын хамтран зохион байгуулагч, хүндэт зочин илтгэгч, ОХУ-ын Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, МУИС-ийн хүндэт профессор А.Г.Ревенко академич Н.Содномтой анх хэрхэн уулзаж, рентген шинжилгээг Монгол Улсад хөгжүүлэхэд хамтран ажилласан талаар дурсамж илтгэл тавьсан юм.
ICXRA-VI хурал биет-цахим хосломол хэлбэрээр явагдсан нь өмнөх цуврал хурлуудаас онцлог байсан бөгөөд Монгол, ОХУ, Япон, АНУ, Испани, Итали, Энэтхэг, Аргентина болон Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) зэрэг 8 улсын 60 гаруй эрдэмтэн судлаачид рентген шинжилгээний салбарын сүүлийн үеийн дэвшил, суурь болон хэрэглээний судалгааны ажлын үр дүн, шинэ арга зүй, технологийн талаарх ололт амжилтаа хуваалцсан 24 аман илтгэл, 14 ханын илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын хөтөлбөр, илтгэл, илтгэлийн хураангуй, бусад мэдээлэлтэй танилцахыг хүсвэл хурлын вэбсайт болох энэхүү холбоосоор нэвтрэн орж сонирхох боломжтой.
Хурлын илтгэлүүд нь рентген шинжилгээний өнөөгийн чиг хандлага, онол аргазүйн тооцоолол, хүрээлэн буй орчин, геологи уул уурхай, бодисын бүтэц зэрэг төрөл бүрийн салбарыг хамарч байв. Хурлын төгсгөлд амжилттай хэлэлцүүлсэн илтгэлүүдийг Web of Science санд бүртгэлтэй импакт фактор бүхий “X-Ray Spectrometry” сэтгүүлийн тусгай дугаар болгон эмхэтгэн гаргахаар болсныг дуулгахад таатай байна.
Тус хурлыг амжилттай зохион байгуулсан Цөмийн физикийн судалгааны төвийн хамт олон, ивээн тэтгэсэн Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, дэмжиж хамтран ажилласан Монгол Улсын Их Сургууль, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, Геологийн судалгаа-шинжилгээний төв, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болон судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж сонирхолтой илтгэл тавьсан, сонссон, оролцсон бүгдэд гүн талархал илэрхийлье.
Доктор Д.Болортуяа
ЦФСТ-ийн салбарын эрхлэгч