ЦСТ Японы Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвтэй санамж бичигт гарын үсэг зурав

МУИС-ийн Цөмийн судалгааны төв Токиогийн технологийн институтын Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвтэй (Center for research into innovative nuclear energy systems) өнгөрөгч баасанд  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэрээ үзэглэх ёслолын үеэр ЦСТ-ийн захирал  С.Даваа  “Токиогийн технологийн институт нь дэлхийд хуруу дарах хэмжээний дээгүүр байранд бичигддэг сургууль. Энэ сургуулийн дэргэдэх Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвтэй манай ЦСТ хамтран ажиллааад багагүй хугацаа өнгөрсөн байна. Дэлхийн түвшний судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний энэ төвтэй бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж,  өнөөдөр албан ёсоор баталгаажуулан, санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь үнэхээр завшаантай хэрэг юм” хэмээн онцлов.  Тус арга хэмжээнд ирсэн гурван төлөөлөгчийг танилцуулахад нэг нь энэ хамтын ажиллагааг анх эхлүүлж тодорхой түвшинд хүргэсэн, Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвийн анхны захирал асан,  профессор Х.Секимото,  нөгөө нэг хүн бол энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлж авч явах тус төвийн шинэ захирал Х.Яано, гурав дахь зочин нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг зохицуулагч, Токиод суралцаж буй монгол оюутнуудын удирдагч багш Т.Обаро нар юм.

Энэ үеэр профессор Х.Секимототой уулзсан яриагаа толилуулъя. Тэрбээр одоо Токиогийн технологийн институтын зөвлөх профессор, АНУ-ын Калифорнийн их сургуулийн зочин профессор, бөгөөд Билл Гейтсийн санхүүжүүлж байгаа төслийн зөвлөхөөр ажиллаж байна.

– Хоёр судалгааны төвийн хамтын ажиллагааг эхлүүлсэн хүн нь таныг гэж сонслоо. Сэтгэгдлээс тань хуваалцъя?

– Хамтын ажиллагаа эхэлсэн нь намайг анх монголд ирсэн үеэс байх гэж бодож байна. Тэр үед Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ой тохиож байсныг тод санадаг. 2005 он байсан болов уу.  Тухайн үед ерөнхий сайд хийж байсан хүнтэй уулзахад манайх ураны баялаг ихтэй учраас цөмийн эрчим хүч ашиглах тал дээр зөвлөгөө дэмжлэг өгөхийг хүсч байсан. Миний хувьд хүн амын сууршилын онцлогоос хамаарч бага оврын цөмийн реакторыг ашиглах нь зүйтэй гэдгийг хэлсэн. Тухайн үед ерөнхий сайд бид  цөмийн эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн  боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага гарч байгаатай санал нэгдэж байсан. Ингээд л тэр үеэс бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

– Токиогийн технологийн институтын Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвийг уншигчиддаа товчхон танилцуулах уу?

– Энэ бол Япон даяараа цөмийн  дэвшилтэт системийн судалгаа хийж байгаа ганц төв нь юм. Өөрөөр хэлбэл Япон улсын хэмжээнд цөмийн эрчим хүчний дэвшилтэт систем, реакторыг судлах, зохион бүтээх энэ бүх үйл ажиллагаа тус төв дээр төвлөрч хийгддэг. Төвийн судалгаа нь  өөрийн шинэ санаагаа ашиглан хэрхэн бага оврын цөмийн реактор зохион бүтээж болох вэ гэдэгт чиглэгддэг.

– Хэдийгээр хоёр төвийн хамтын ажиллагаа эрт эхэлсэн ч өнөөдөр гэрээ үзэглэж албан ёсжууллаа.  Гэрээний ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

– Үүгээр хамгийн гол үйл ажиллагаа нь хүн сургах явдал юм. Өөрөөр хэлбэл монгол судлаачид  Токиогийн технологийн их сургуульд хийгдсэн реактор дээр биеэр ажиллаж судалгаа, шинжилгээ, туршилт хийнэ гэсэн үг. Хүндээ маш их өгөөжтэй. Шууд том оврын цахилгаан станц авч тавихаасаа өмнө цөмийн эрчим хүч гэж ийм юм байдаг, технологи горим нь ингэж хийгддэг гэдгийг нүдээр үзэж ойлгохын тулд Монгол улс хүнээ явуулж судлуулж, мэдрүүлэх нь чухал. Ингэхгүй бол ямар нэгэн асуудал, осол аваарь гарлаа гэхэд тэр үед яах ёстойгоо мэдэхгүйн  зовлонд унана. Тиймээс Монголд улс хэтийн хөгжилд хэрэгтэй, шинэ салбартаа хүн сургахад, боловсон хүчин бэлдэхэд гэрээний гол ач холбогдол оршиж байгаа. Монгол орон үнэхээр цөмийн эрчим хүчийг ашиглахад анхаарлаа хандуулж байгаа бол жижиг гэлтгүй бүх зүйлийг өөрсдөө нарийн судалж мэдэх хэрэгтэй. Манай судалгааны төвд хийгдэж байгаа бага оврын цахилгаан станц харьцангуй аюул багатай. Ямар нэгэн осол гарлаа гэхэд цацраг идэвхт бодис алдах гэхчилэн эрсдэл байхгүй. Сүүлийн үеийн технологитой ийм жижиг оврын станцууд дээр монгол хүмүүс өөрсдөө эхэлж ажиллаж сурч байж дараа нь том төсөл рүү орох нь зүйтэй болов уу.

– Яриагаа таны үгээр төгсгөе бодож байна?

– МУИС-ийн ЦСТ нь  физикийн онолын түвшний мэдлэг сайн өгдөг  ч инженерийн суурь боловсрол олгох талдаа учир дутагдалтай санагддаг. Тиймээс цаашид гүнзгийрүүлж реакторын физик, реакторын онол гэхчилэн цөмийн эрчим хүчийг ашиглахад хэрэг болохоор тийм прагматик мэдлэг олгох талд хүмүүсээ бэлдэж авах хэрэгтэй. Танай улсад инженерийн чиглэлд боловсрол олгодог ШУТИС байгаа  учир хамтран сургалт явуулах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд ямар нэгэн осол, эрсдэл гаргахааргүй цөмийн эрчим хүчний технологийг өөрсдөө бүтээж, түүндээ өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй.

– Та Билл Гейтсийн санхүүжүүлж байгаа төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн?

– Одоогоор ажил дөнгөж эхэлж байгаа. Тиймээс Билл Гейтсийн  нэг салбар компаниас хэрэгжүүлж байгаа төслийн зорилго миний судалгааны чиглэлтэй нийцэж байгаа гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

– Ярилцсанд баярлалаа