Ахмад багш Ж.Сэрээтэр агсны номын санг гэр бүлийнхэн нь ЦФСТ -ийн номын санд бэлэглэлээ

ТОВЧ НАМТАР

Ж.Сэрээтэр 1935 оны VIII сарын 25-нд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Дугантад төрсөн. 1946 онд Цагаанхайрхан сумын бага сургуульд орж, 1955 онд Улиастай хотын Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгсөн Монгол Улсын Их Сургуулийн багш нарын факультетийн физик-математикийн салбарт элсэн 2 жил суралцаад 1957 онд Москвагийн улсын их сургуулийн (МГУ) физикийн факультетийн оюутан болж, 1963 оны I сард Физикийн факультетийн Цөмийн физикийн салбарыг, физикийн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажилтан ба их дээд сургуулийн багшийн мэргэшлийн дипломтой төгссөн. 

Sereeter

1963   оны   2-р   сараас МУИС-ийн  физик математикийн факультетийн ерөнхий физикийн тэнхимд физикийн багшаар ажилласан ба мөн оны эцсээр Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)- эд томилогдон Нейтроны физикийн лабораторид нейтроны физикийн зарим тулгуур судалгаанд оролцохын зэрэгцээ профессор Н.Содномын санаачлагаар ЦШНИ-ээс МУИС-д бэлэглэсэн нейтроны генераторын хэмжих ба удирдах төхөөрөмжийг хийх ажлыг удирдав.
1967 оны 9-р сараас МУИС-ийн нейтроны генераторыг боловсронгуй болгон, милли-микросекундийн импульст ажиллагаанд оруулж, түүнийг ашиглан цөмийн физикийн зарим нэг тулгуур ба хавсрага судалгаа явуулсан. 1970-1976 онуудад лабораторийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байв. Цуврал судалгааныхаа үр дүнгээр «Инди ба цагаан тугалганы ялгасан изотопуудыг 14,7 МэВ энергитэй хурдан нейтроноор шарахад үүсэх и нди 112-118 цөмүүдийн үндсэн ба изомер төлвүүдийн задралыг үечилсэн идэвхжилийн аргаар судалсан нь» гэсэн нэгэн сэдэвт зохиол бичиж 1977 онд Москвагийн Их Сургуулийн физикийн факультетийн Цөмийн физикийн салбарын эрдмийн зөвлөл дээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Ж.Сэрээтэр 1963 оноос ерөнхий физикийн курсуудын лекцийг уншиж, Цөмийн шинжилгээний лабораторийг түшиглэн цөмийн физикийн групп байгуулагдсан үеэс цөмийн физикийн тусгай курсуудийн лекц унших, лабораторийн ажлуудыг тавих, бакалавр магистрын дипломын болон докторын зэрэг хамгаалах ажлуудыг удирдан,сургалтын гарын авлагуудыг бичсэн байна.
Ж.Сэрээтэр цөмийн физикийн анализын аргыг уул уурхайн үйлдвэрт нэвтрүүлэх ажлыг профессор Д.Чүлтэмийн хамт удирдан Бэрхийн ба Бор-Өндөрийн хайлуур жонш боловсруулах ба баяжуулах үйлдвэрүүдэд хайлуур жоншны хүдэр дэх хайлуур жоншны агууламжийг хурдан тодорхойлох болон автомашин дээр ачсан хайлуур жоншны хүдрийг сортлон ялгахад зориулсан төхөөрөмжүүдийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

1989-1994, 1998- 2002 онуудад Дубна хот дахь ЦШНИ-ийн Цөмийн асуудлын лабораторийн Цөмийн спектроскопи ба радиохимийн салбарт ажиллах хугацаандаа газрын ховор элементүүдийн богино настай нуклидуудын шинж чанарыг судлах судалгаанд оролцохын зэрэгцээ «Мини-апельсин» төрлийн соронзон  р-спектрометрийг бүтээж нейтрон  дутагдалтай изотопуудын дотоод конверсийн электроны спектрыг судлах цуврал судалгааг явуулсан. Энэхүү ажлынхаа үр дүнгээр шинжлэх ухааны 2005 оны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн болно.
Ж.Сэрээтэрийн эрдэм шинжилгээний зарим бүтээл нь «Атомная энергия», «Сообщения ОИЯИ»,«Известия РАН»,« К|11с1. Iпз+г. МетЬ. Гп РНуз1С5 Ке^еагсЬ», «2егг5сЬптт т^г РЬу5’к А», «Приборы и техника эксперимента», «Тигк1зН .1о11гпа1 от РЬу5’с5» зэрэг гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба нийтдээ 50 эрдэм шинжилгээний өгүүлэл, 30 гаруй илтгэлийн сэдэв, 14 шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл хэвлүүлсэн.
Ж.Сэрээтэр 1965 онд МАХН-д элссэн, МАХН-ын ахмад зүтгэлтэн тэмдэг, МАН-ын 90-н жилийн ойн медаль, МУИС-ийн 70-н жилийн ойн медалиар шагнагдсан. 

ГАВЪЯА ШАГНАЛ, ЦОЛ

Ардын хувьсгалын ойн медаль 1981. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан цол 1985.
Дэд-профессор цол 1995 он. Хөдөлмөрийн хүндэт медаль 1996 он.
Шинжлэх ухааны тэргүүний ажилтан 2002 Алтангадас одон 2005 он. Профессор цол 2007 он.

ЭРДМИЙН БҮТЭЭЛҮҮД

Ном сурах бичиг
1.    “Цөмийн спектр судлал”,УБ, 2006, Н.Ганбаатар, С.Даваагийн хамт
2.    Эрдэм шинжилгээний бүтээлийн тоо:52
Гадаадад хэвлэгдсэн:24
Дотоодод хэвлэгдсэн:24
Гадаадын эрдэмтэд ишлэл авсан бүтээлийн тоо:5
Нэг сэдэвт зохиол,монограф: 1
Зохиогчийн эрх авсан бүтээлийн патент 2
1964-1967 онд ЦШНИ-д ажиллахдаа нейтроны хар тугалган бай дээр сарниулах аргаар нейтроны цахилгаан туйлшралыг тодорхойлох талаарх тулгуур судалгаанд оролцсон; МУИС-ийн нейтрон генератортой холбоотой удирдах ба хэмжих төхөөрөмжийг Ш.Гэрбиштэй хамтран боловсруулан хийж авч ирсэн;
• МУИС-ийн   нейтроны   генераторыг импульс   ажиллагаанд оруулсан;
• Индийн 112-118 изотопуудын үндсэн ба изомер төлөвийн задралыг үечилсэн активацийн аргаар судалсан;
Газрын ховор элементүүдийн муж дахь альфа задрал, изомер үүсгэдэг цөмийг хайх, цөмүүдийн бета задралын схемийг тогтоох, дээд хилийг тодорхойлох талаарх хэд хэдэн чиглэлийн судалгаанд оролцож альфа задралд үүсэх шинэ изомер төлөвүүдийг шинээр олж 20 гаруй изотопын хувьд бета-спектрийн дээд хилийг шинээр буюу шинэчлэн тогтоосон;Мини-апельсин спектрометрийг анхлан бүтээж электрон конверсийн спектрийг судлах чиглэлийг бий болгон хөгжүүлж байна.
мини-апельсин төхөөрөмжийг ашиглан ховор шорооны элементүүдийн мужид изотопуудын задралд гарах конверсийн электроны спектрийг хэмжсэнээр нуклидуудын задралын схемүүдийг тодотгон иж бүрнээр зохиох ажлыг гүйцэтгэж Ег-160 -ийн цуваа задралын бүрэн схемыг зохиосон.
Бэрхийн жоншны үйлдвэрт хайлуур жоншны хүдэрдэх фторын хэмжээг хурдан тодорхойлох төхөөрөмжийг бүтээн    туршин нэвтрүүлэхэд оролцон, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт уурхайнуудаас автомашинаар ачиж ирсэн жоншны хүдэрдэх фторын хэмжээг шууд машин дээр нь хурдан тодорхойлдог нейтрон идэвхжилийн төхөөрөмжийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэрээт ажлыг удирдсан болно. 

Ахмад багш Ж.Сэрээтэр асны номын санг гэр бүлийнхэн нь ЦФСТ -ийн номын санд өнөөдөр бэлэглэсэн юм. 
DSCN2135

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.