Уур амьсгалын өөрчлөлтийг цөмийн технологи ашиглан судалдаг

Үүнд:

-Нуурын хурдас: Нуурын ёроолын хурдасны давхарга бүр нь өнгөрсөн үеийн уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийг өөртөө агуулж байдаг. Нуурын хурдаст байх тоосонцор, нүүрсжсэн мод, нэг эст замаг, тогтвортой изотоп, геохимийн нөхцөл зэргийг судлан нууран дахь ургамал, усны чанар, бүтцэд орсон өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг гарган авдаг. Нуурын ёроолоос авсан дээжийн дээд хэсэгт хар тугалга Pb-210, цезий Cs-137, плутони Pu-ийн изотопуудыг ашиглан судалгаа хийдэг бол нүүрстөрөгч C-14-өөр шатах ашигт малтмал, органик материал, хясаа зэргийг судалдаг.

-Модны цагираг: Рентген туяаг ашиглан модны цагирагийн мэдээллээс өнгөрсөн үеийн уур амьсгал, улирлын талаарх мэдээллийг гарган авдаг.

-Газрын шилжилт хөдөлгөөн: Газрын шилжилт хөдөлгөөн, голын сав газрын өөрчлөлтийг судлахад мөн цөмийн технологийг ашигладаг. Кварцын баялаг, шохойн литологид орших космогени изотоп болох берилли Be-10, нүүрстөрөгч C-14, хөнгөн цагаан Al-26, хлор Cl-36-ыг тодорхойлж, байгалийн үйл явцыг судалдаг.

-Шүрэн арал: Далайн шүр нь ургах үедээ далайн усанд байгаа химийн болон физик өөрчлөлтийг өөртөө шингээдэг. Үүнийг ашиглан шүрэн дэх U/Th-ийн харьцаа болон С-14 изотопын мэдээллээр өнгөрсөн үеийн уур амьсгалын байдлын талаарх мэдээллийг гарган авах судалгаа эрчимтэй хийгдэж байна. Илүү урт ургасан шүрийг судлах замаар илүү олон мэдээллийг авах боломжтой байдаг.

Эх сурвалж: Цөмийн Энергийн Комиссын Ажлын Алба

https://www.facebook.com/NEC.ExecutiveOffice/posts/1278881282310700