ХХ зууны Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Н.Содномын мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Н.Содном агсан бол улсдаа төдийгүй дэлхийд нэр нь дуурссан цөмийн физикийн том эрдэмтэн байсан юм.
МУ-ын ШУА, Боловсролын хүрээлэн хамтран “Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил ба академич Н.Содном” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн дугуй танхимд зохион байгууллаа. Хурлыг Боловсрол Соёл Шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нээж үг хэлсэн юм. Түүнчлэн Олон улсын энэхүү хуралд ШУА-ийн ерөнхийлөгч, акад. Б.Энхтүвшин, МУИС-ийн ректор, проф.Т.Галтбаяр, Боловсролын хүрээлэнгийн захирал, проф.Н.Бэгз, МУИС-ийн Цөмийн судалгааны Төвийн захирал, проф.С.Даваа, мөн акад.Б.Чадраа, акад. П.Очирбат, акад. Ч.Авдай, ОХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн А.Ю.Розанов, ОХУ-ын ШУА-ийн сурв.гишүүн Е.А.Красавин, БНХАУ-ын профессор Тү.Өлзий нар болон түүний үр хүүхэд, шавь нар хүрэлцэн ирсэн бөгөөд Н.Содном агсны Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийн талаар дурдаж, ойн хүрээнд зохиох ажлаа танилцууллаа.
Академич Н.Содном гуай бол эх орондоо дээд боловсрол эзэмшсэн анхны монгол сэхээтний нэг байлаа. Тэрээр МУИС-ийн анхны оюутан, сургуульдаа багшилсан анхны монгол багш, тэнхмийн эрхлэгч, хичээл ангийн дарга, энэ сургуульдаа 40 жил ажиллахдаа хоёр удаа, нийт 17 жил захирлаар томилогдон ажилласан ховорхон хувь заяатай хүн байлаа. Тэрээр Монгол улсдаа төдийгүй, Дэлхийд нэр нь дуурссан цөмийн физикийн том эрдэмтэн байлаа. Н.Содном гуай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн бөгөөд 1956 онд Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулах Гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурах их хувь түүнд тохиожээ.
Н.Содном гуай Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд судлаач, лабораторийн эрхлэгчээс дэвшин дэд захирлаар 2 удаа сонгогдон ажиллаж, олон улсын цөмийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр олон жил Олон улсын атомын энэргийн агентлагтай Монгол Улсаа төлөөлөн хамтран ажилласан байна. Н.Содном гуайн гаргасан зам мөрөөр Монгол улсад олон зуун физикч эрдэмтэн төрөн гарч, олон улсын хэмжээнд ажиллаж байгаа нь энэ том эрдэмтний ач гавъяа мөн. Академич Н.Содном гуай Монгол Улсын Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны даргаар ажиллаж, мэргэжлийн боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндэсний их сургуулийн суурийг тавьж байгуулсан хүн юм.