Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн
хэвлэлийн мэдээлэл
Б.М.Старченко,
ЦШНИ-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга
Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбоо (IUPAC), Олон улсын онолын ба хэрэглээний физикийн холбоо (IUPAP) -ны хамтарсан комисс Д.И.Менделеевийн үелэх системийн 113, 115, 117, 118 атомын дугаартай химийн элементүүдийн нээлтийг баталснаа 2015 оны 12-р сарын 30-нд албан ёсоор зарлалаа:
- 113-р элементийг Японы РИКЕН хэмээх физик, химийн судалгааны хүрээлэнд нээсэн;
- 115 ба 117–р элементүүдийг ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) болон АНУ-ын Ливерморын үндэсний лаборатори (ЛҮЛ), Оак Риджийн үндэсний лаборатори гурав хамтарч нээсэн;
- 118-р элементийг ЦШНИ, ЛҮЛ хоёр хамтарч нээжээ.
115, 117, 118 элементүүдийг Дубна дахь ЦШНИ-ийн Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лабораторийн У-400 хурдасгуурын иж бүрдэл дээр хурдасгасан Са-48 ионоор актинидийн (115, 117, 118 элементүүдийг харгалзан америций-243, берклий-249, калифорний-249) байг буудаж явуулсан цөмийн нэгдэх урвалаар гаргаж авчээ. Дубнад гаргаж авсан үр дүнг Германийн Дармштадт дахь GSI хэмээх Хүнд ионы судалгааын төв болон АНУ-ын Берклийн эрдэмтэд хожим баталсан байна.
IUPAC 2011 онд ЦШНИ ба ЛИЛ-ийн хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрч, 114-р элементийг Flerovium, Fl (Флеров); 116 элементийг Livermorium, Lv (Ливермор) гэж нэрлэжээ.
Хэт хүнд элементийг цөмийн нэгдэх урвалаар гаргаж авах судалгааны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндэслэгч, тэргүүлэх эрдэмтэн бол Г.Н.Флеров (1913-1990) мөн тул түүний гэгээн дурсгалд зориулан 114-р элементийг түүний нэрээр нэрлэсэн юм. Академич Г.Н.Флеров бол ЦШНИ-ийн Цөмийн урвалын лабораторийг үндэслэн байгуулагч бөгөөд анхны захирал, хүнд цөмийн аяандаа хуваагддаг шинэ төрлийн цацраг идэвхит үзэгдлийг нээсэн, судалгааны хэд хэдэн шинэ чиглэлийг үндэслэгч, гарамгай физикч билээ.
116-элемементийг ЛҮЛ байрладаг АНУ-ын Калифорни муж улсын Либермор хотын нэрээр нэрлэсэн. Ливерморын эрдэмтэд 20 гаруй жилийн турш Дубнад хийгдэж байгаа шинэ элементийг цөмийн нэгдэх урвалаар гаргаж авах туршлагуудад оролцож байгаа юм. Бүхэлдээ 114-118-ийг гаргаж авсан нь (энэ ажлын одоогийн хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч нь Оросын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Ю.Ц.Оганесян) хэт хүнд элементийн мужид «тогтворжлын арал» байгааг баталсан туршлагын анхны нээлт бөгөөд цөмийн физик (цөмийн бүтцийн судалгаа), хими (химийн элементүүдийн үелэн давтагдах шинж чанарын үндэс болсон Д.И. Менделеевийн хуулийг шалгах), ертөнц дээр хүнд элементүүд үүсэх (нуклеосинтезийн процесс) гэх мэт орчин үеийн шинжлэх ухааны түлхүүр асуудлуудыг ойлгоход зарчмын тулгуур ач холбогдолтой.
Сүүлийн 50 жилийн туршид Д.И.Менделеевийн үелэх систем 102-118 дугаарын 17 шинэ элементээр нөхөгдсөний 9-ийг ЦШНИ-д нэгтгэн гаргаж авсаны дотор сүүлийн 10 жилд 5 шинэ элементийг гаргаж авсан юм.
115, 117, 118-р шинэ элементийн нэрийн тухайд
Зохиогч хамт олон эрхийнхээ хэмжээнд шинэ элементийн нэрийн саналаа IUPAC-д илгээдэг. Тухайн судалгааны ажил хийгдсэн Москва муж, түүний удирдлага нь уг судалгааны ажлыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж, баталгаа олгож байсан (Москва мужийн губернаторууд Б.В.Громов, А.Ю.Воробьев нар) учраас 115-р элементийг Московий хэмээн нэрлэх саналыг ЦШНИ тавьсан байна. 117 ба 118-р элементүүдийн нэрийн хувьд одоогоор нээлттэй байгаа бөгөөд Ливермор болон Оак Риджийн хамтран ажиллагчтайгаа хэлэлцэх болно.
113-р элементийг нээсэн тухайд
Үнэндээ анх, кальций-48 ба америций-243 нэгдэхэд үүссэн 115-р элементийн 288 масс бүхий изопотын задралын бүтээгдэхүүн 113-р элементийг (284 мастай, 1 секунд орчим амьдрах настай) 2003 онд ЦШНИ-д бүртгэсэн юм.
Дарааханнь (2004 онд) Японы РИКЕН-ийн проф. К.Моритогийн баг висмут-209 байг цайр-70-ийн хурдасгасан ионоор бөмбөгдөж 278 масстай, хэдэн миллисекунд настай 113-р элементийн нэг изотопыг бүртгэж, улмаар цаашид 10 жил үргэлжилсэн туршилтаар шинэ элементийн нийт дөрөвхөн мөр олсон байдаг. Харин энэ хугацаанд ЦШНИ 113-р элементийн 100 орчим мөр бүртгэж, химийн шинж чанарыг судлах анхдагч туршилтуудыг хийсэн.
113-р элементийн 284 масстай изотопын тухай баримтууд Германий GSI, АНУ-ын Берклид туршлагаар батлагдсан. Японы нөхдийн туршлагыг хэн нэгэн давтахад бэрхшээлтэй. Учир нь миллисекундийн изотопын нэг цөмийг гаргаж авахын тулд хэдэн жил шарах шаардлагатай учир энэ бол ирээдүй багатай ажил болно.
Гэвч IUPAC, IUPAP-ийн комисс РИКЕН-ийг давуутай гэж үзжээ. Энэ шийдвэр бидний хувьд санаанд оромгүй явдал байсан. Тэр тусмаа IUPAC хамтын бүтээлийг хүлээн зөвшөөрдөг практик байсан. Жишээ нь: 103, 104, 105-р элементүүдийг ЦШНИ, АНУ-ын Берклийн лаборатори хамтран нээсэн гэж үзсэн билээ. Гэхдээ бид РЕКИН-ий зорилго нэгт нөхөддөө баяр хүргэх ёстой. Учир нь: тэр ажлын удирдагч проф. К.Морита нилээд олон жил ЦШНИ-д ажиллаж шинэ элементийг цөмийн нэгдэх урвалаар гаргаж авах “цагаан толгой”-той болсон, ямар нэгэн байдлаар Дубнагийн шавь билээ. Харамсалтай нь, хэт хүнд элементийг нэгдэх урвалаар гаргаж авах РИКЕН–ий эрдэмтэдийн сонгосон арга нь бүрэн шавхагдсан болохоор одоо тэд цаашдынхаа туршилтуудыг Дубнагийн аргаар гүйцэтгэхээр төлөвлөж байна. Бид IUPAC-ийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэвч IUPAC, IUPAP-ийн -ийн нэгдсэн комиссийн тайланг хэвлэгдэхээс өмнө түүний шийдвэрийг IUPAC-ийн хэвлэлийн алба зарласан нь хачирхалтай. 113-р элементийн тухай шийдвэрт ЦШНИ-ийн хандлага дээр дурьдсан тайланг нарийн судалсаны дараа тодорхой болох болно.
Хэт хүнд элементийг нэгтгэж гаргаж авах ажлын хөгжлийн хэтийн төлөв
Өнөөдөр ЦШНИ бол Д.И.Менделеевийн үелэх системийн шинэ хэт хүнд элементийг нэгдэх урвалаар гаргаж авах, шинж чанарыг нь судлахад дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч юм. Өнөөдөр энэ чиглэлээр ЦШНИ-ээс гадна Герман, Япон, БНХАУ, Франц, АНУ-д судалгааны хөтөлбөрүүд хэрэгжиж шинжлэх ухааны өрсөлдөгчид өсөж хөгжиж байна. ЦНШИ-ийн энэхүү судалгааны ажлын цаашдын хөгжил нь Д.И.Менделеевийн үелэх системийн 8-р үеийн эхний элементүүд болох 119, 120, мөн цааших дугаарын шинэ элементүүдийг гаргаж авах судалгааг хийх боломжтой, өнөөгийнхөөс 10 дахин их эрчимтэй өндөр энергитэй хүчирхэг хурдасгуурт суурилсан, дэлхийд анхны Хэт хүнд элементийн фабрикийг Дубнад бий болгохтой салшгүй холбоотой юм.
Орчуулсан Профессор Н.Ганбаатар
Орчуулагчийн тайлбар: Дээр хэдэнтээ дурдсан Германы GSI хэмээх Хэт хүнд ионы судалгааны төвд орон тооны судлаачаар монгол залуу доктор Жадамбаагийн Хуягбаатар ажиллаж байгааг бахархан дурдъя.