2019 оны 12 дугаар сарын 9-нд МУИС-ийн Номын сангийн 504 тоот өрөөнд Цөмийн технологи, цөмийн эрчим хүч, цөмийн инженерчлэлийн ангийг төгсөгчид, суралцагч оюутнууд, хөтөлбөрийн багш нар болон ажил олгогч нарын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн ажил олгогч, төгсөгчдийн уулзалтыг профессор С.Даваа нээж, Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа (цөмийн технологич), Цөмийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Отгонцэцэг, 1996 оноос МУ-д цацраг идэвхт ашигт малтмалын нөөц тогтоох, хайгуулын үйл ажиллагаа эхлэн явуулж буй Францын АРЕВА Монгол ХХК-ийн салбар Бадрах энержи ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Л.Бямбадолгор, Хавдар судлалын үндэсний төвийн ахлах эмнэлгийн физикч В.Энхцэцэг (цөмийн технологич), Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очир (цөмийн технологич), БСШУСЯ-ийн харьяа Кембрижийн хөтөлбөрт “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийн захирал Д.Төмөрчөдөр (цөмийн технологич) нар илтгэл хэлэлцүүлэн, хөтөлбөрөөр сурч төгссөн оюутнуудын эзэмшсэн мэдлэг, чадвар ажлын байранд хэрхэн нийцэлтэй байгаа эсэх талаар, цаашлаад хөтөлбөрт анхаарах зүйлсийн талаар ярилцав. Мөн илтгэгч бүр өөрсдийн салбарын онцлог, шинээр ажилтан авахад тухайн байгууллагад чухалчлан үзэгддэг онцлог шаардлага, хүний нөөц, ажлын байрны нөхцөл гэх зэргээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон.
Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Отгонцэцэг илтгэлдээ мэргэжлийн хүний нөөцийн мэдээллийн бааз бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгааг цаашлаад үндэсний сургалтын тогтолцоог мэргэшүүлэх, боловсронгуй болгох талаар дурдсан бол бусад илтгэгч нар салбар тус бүрд ажиглагдаж байгаа асуудлуудын талаар ярив.
Мөн 2009 оны төгсөгч Масстрэйвал ХХК-ийн захирал Б.Цолмонбаатар (цөмийн технологич), 2012 оны төгсөгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тусгай шинжилгээний газар, Физикийн лабораторийн Физик шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч, Б.Давааням (цөмийн технологич), 2013 оны төгсөгч Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхам (цөмийн технологич), 2014 оны төгсөгч ЦФСТ-ийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Ч.Сайханбаяр (цөмийн технологич), 2015 оны төгсөгч Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигбуян (цөмийн технологич) нар өөрсдийн гаргасан амжилт, хөтөлбөрөөр суралцсан төгсөгчдийн ур чадвар, хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцан хэлэлцүүлэг өрнүүлэв.