Эрчим хүчнийхээ асуудлыг шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхи, багтаамж, газар нутгийн байршил, байгалийн баялаг, хүн амын тоо зэрэг хүчин зүйлүүдээс хамааран өөр өөрийн онцлогтойгоор улс орнууд шийдэж ирсэн байна. Гэвч дэлхийн эрчим хүчний системийг бүхэлд нь авч үзвэл нүүрс, байгалийн хий, ус, цөм, нефть, салхи, нар зэрэг цөөхөн гол эх үүсвэрүүд дээр тогтож байдаг.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшинг тэдний жилд хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний хэмжээгээр нь ерөнхийдөө үнэлэх боломжтой байдаг. Эдийн засгийн чадавхи өндөртэй улсуудын хувьд 1 жилд үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчийг нийт хүн амын тоонд нь хувааж кВтц/жил*хүн гэсэн нэгжээр авч үзвэл Канадад-14930, АНУ-12071, БНСУ-9720, ОХУ-7481, Япон-7371, Герман-6602 байна. Энэ үзүүлэлт дэлхийн 200 гаруй орноор дундажлахад 2674 байдаг бөгөөд 2016 оны байдлаар Монгол-1847 байжээ. Манай орны хувьд хүн ам цөөн хирнээ нэг жилд үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний нэг хүнд оногдох хэмжээ өндөр хөгжилтэй улсуудынхаас хэд дахин бага төдийгүй дэлхийн дундажаас ч нилээд доогуур байгаа нь манай хөгжлийн түвшинг харуулж байна.
Технологийн дэвшил, хүн ам, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотойгоор дунд болон урт хугацааны ирээдүйн эрчим хүч, эдийн засгийн суурь үзүүлэлтийн тооцоог улс орнууд янз бүрийн тооцооллын загвар, программ ашиглан хийдэг. Монголын улсын эрчим хүчний хэрэгцээ, шаардлагыг 2050 он хүртэл урьдчилсан байдлыг ОУАЭА-аас эрчим хүчний системийн дүн шинжилгээгээр мэргэшсэн шинжээч Марио Тот, Монголын талаас MON0012 төслийн удирдагч Б.Мөнхбат, Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 1, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс 6, МУИС-иас 2, Цөмийн физикийн судалгааны төвөөс 3 нийт 14 оролцогчтой баг MAED программыг ашиглан дараах албан бус тооцоог гаргажээ.
- Монгол Улсын хүн ам бидний сонгосон суурь жил 2018 онд 3.2 сая байсан уг тоо MAED программын тооцооллоор 2050 он гэхэд 5.4 сая болж өсөхөөр байна. Хөдөө орон нутгаас хотод шилжиж ирэх хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа учир томоохон хотуудын хүн амын эзлэх хувь 2050 онд 78.2% болон нэмэгдэж нийт хүн амын тоо өсөж байгаатай холбоотой ажиллах хүчний тоо мөн 2.3 сая болох дүнтэй.
- Үйлдвэрийн салбарын хувьд 2030 оноос энергийн хэрэгцээ огцом өсөх төлөвтэй ба 2050 он гэхэд одоо байгаа энергийн хэрэгцээнээс 5-6 дахин их өсөх төлөвтэй байна.
- Тээврийн салбарын энергийн хэрэгцээний ихэнх хувийг ачаа тээврийн салбар бүрдүүлдэг. Түүнчлэн 2020 оноос дизель түлшний хэрэглээ огцом өсч эхэлж байгаа ба 2050 он гэхэд 5 дахин их өсөхөөр байна.
- Айл өрхийн хувьд манай улсын онцлогтой хамааралтайгаар дулаан, халаалтад ашиглах энергийн хэмжээ өсөхөөр үзүүлэлт гарсан. 2050 онд орон байрны халаалтын хэмжээ хоёр дахин, усны халаалт нэг дахин нэмэгдэх төлөвтэй байна.
- Үйлчилгээний салбарын хувьд халаалт, дулааны хэрэглээ 2050 он гэхэд одоо байгаагаас 6 дахин өсөх төлөвтэй байна.
- 2018 оныг суурь жил болгон сонгож түүнд тохирох бүх өгөгдлийг оруулж тооцоход Монгол улсын нийт энергийн эрэлт 2050 он гэхэд 7 дахин өсөх дүн гарсан.
Манай орны цахилгаан эрчим хүчний системийн одоогийн байдлыг нэгтгэн дүгнэвэл, уламжлалт буюу нүүрсээр ажилладаг ДЦС-ууд болон СЭХ-ний эх үүсвэртэй байгууламжууд 2018 оны байдлаар 1344,4 МВт суурилагдсан хүчин чадалтай ажиллаж, дотоодын хэрэгцээнийхээ 80 орчим хувийг хангаж байна. Үлдсэн 20 гаруй хувийг ОХУ болон БНХАУ хоёроос импортоор авдаг. 2017 оны сүүлчээр манай төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1000МВт буюу 1Гегаватт (ГВт) хүржээ.
Төгсгөлд нь хэлэхэд энерги буюу эрчим хүч зарцуулахгүйгээр ажил хийгдэхгүй. Ажил хийгдэхгүй бол хүн төрөлхтний амьдрал байхгүй. Тиймээс эрчим хүч нь хүн төрөлхтний оршин байх үндэс юм.
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ү.Баянжаргал