Монгол улс ууган их сургуулийнхаа тоо-физикийн багш мэргэжлээр аравхан удаагийн төгсөлт хийсний дараа цөмийн физикч бэлтгэхээр Дубнагийн ЦШНИ-д анхны 5 залууг илгээж байсан түүхтэй. Улмаар 1965 онд тус институтээс нейтроны генератор авч МУИС-д суурилуулан, Цөмийн шинжилгээний лаборатори байгуулсан нь тус төвийн эхлэл байв. Үндэсний мэргэжилтнүүд зохиомол цөмийн урвал явуулж, суурь болон хавсрага судалгаа хийх боломж ийнхүү харьцангуй эрт тавигджээ.
Тус төв бага энергийн цөмийн физикийн салбарт суурь судалгаа явуулах, цөмийн арга зүй боловсруулах, шинэ техник технологи зохион бүтээж үйлдвэр практикт нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийж ирлээ. Манай судлаачид цөмийн бүтэц, урвал зэрэг суурь судалгааны ажлыг голчлон ЦШНИ-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус институтын суурь төхөөрөмж дээр хийж ирсэн ба гаргаж авсан шинэ үр дүнгүүд нь гадаадын нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж, ишлэгдсээр байна.
Тус төв нь анхнаасаа сургалт, судалгааны ажлыг хослуулж ирсэн онцлогтой. 1968 оноос эхлэн физикийн ангиас цөөн оюутныг бүлгээр хичээлүүлэн цөмийн физикээр мэргэшүүлж, 1993 оноос цөмийн технологийн мэргэжлийн анги нээж жил бүр 25 орчим оюутан элсүүлэн суралцуулж байгаагийн зэрэгцээ цөмийн физик, технологийн чиглэлээр магистр, докторын сургалт эрхэлж байна. Манай төгсөгчдийн ихэнх нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач; цөмийн технологид суурилсан багаж техник хэрэглэдэг эмнэлэг, үйлдвэр аж ахуй, шинжилгээний байгууллагуудад инжененр, шинжээч, мэргэжилтэн зэрэг ажлыг амжилттай эрхэлж байдагт бид сэтгэл хангалуун байдаг юм.
2009 онд “Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энрегийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, зохицуулах хууль, хэрэгжүүлэх хөтөлбөр гарсан нь манай төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх нэгэн хүчин зүйл боллоо. Хүлэмжийн хий, цаг уурын өөрчлөлт, дулаарал, шатах ашигт малтмалын нөөцийн хомсдол ба үний өсөлт, эрчим хүчний дутагдал зэрэг даян дэлхийг хамарсан асуудлыг монголчууд бид хамтран шийдэх ёстойгоос биш тойрон гарах аргагүй билээ. Хүн төрөлхтнийг олон мянган жилийн туршид найдвартай, хүрээлэн буй орчинд халгүй, хямд эрчим хүчээр хангах бараг цорын ганц эх үүсвэр бол цөмийн эрчим хүч гэдэгтэй улс орнууд санал нэгдэж, ашиглалтыг улам нэмэгдүүлэх буюу ашиглаж эхлэхээр зэхэж байна. Ийнхүү “Цөмийн сэргэн мандал” эхэлж байна гэж үзэх боллоо.
Мөн манай улсад эрчимтэй хөгжиж буй геологи, уул уурхайн салбар болон эмнэлэг, хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин гэх мэт төрөл бүрийн салбарт цөмийн физикийн ололт амжилтыг ашигладаг газрууд нэлээд буй болж, уран олборлох, ашиглах, цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал ойртож байна.
Энэхүү гадаад нөхцөл байдлыг харгалзан цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой судалгаа хийх, цөмийн эрчим хүчний технологийн мэргэжилтнийг бэлтгэж эхлэх нь манай төвийн ойрын ирээдүйн зорилт болж байна.
Та энэ вэб хуудсыг уншиж үзсэнээр цөмийн физик, цөмийн технологи манайд хэрхэн хөгжиж байгаа болон уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах талаар зохих мэдээлэл олж аваад зогсохгүй цөмийн эрчим хүчийг ашиглах түүхэн үйлсэд гар бие оролцож, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Ялангуяа манай төгсөгчид, суралцагчид, цаашид цөмийн физик, инженерийн мэргэжил сонгохоор сэтгэл тэмүүлэл дүүрэн байгаа олон мянган сурагчид та бүхний өмнө манай төвийн үүд үргэлж нээлттэй байх болно.
Захирал
Доктор Д.Болортуяа