NUPID-2011

Үндэсний хөтөлбөр ба дэд бүтцийг хөгжүүлэх асуудал нь цөмийн эрчим хүчний станцын зөв оновчтой төлөвлөлт ба аюулгүй ажиллагааг бий болгоход онцгой ач холбогдолтой. Фукушимагийн ослын дараа улс орнууд болон олон улсын байгууллагууд цөмийн аюулгүй байдал ба хамгаалалтын талаарх баримтлах бодлогод голлон хандах болсон.

Энэхүү семинар (NUPID-2009) нь анх 2009 онд зохиогдож байжээ. Уг семинарын зорилго нь Монгол Солонгосын хооронд цөмийн түлшний циклийн эцсийн хэсэг ба цөмийн эрчим хүчний аюулгүй байдал, физик хамгаалалтын хувьд дэд бүтцийг сайжруулах, мөн цөмийн хаягдлын менежментийн чиглэлээр хамтын ажилагааг өргөжүүлэх явдал юм.

NUPID-2011 семинарт Солонгосын Сөүл Үндэсний Их Сургууль, Пусаны Их Сургууль, Цөмийн Аюулгүй Байдлын Институт, Атомын Үйлдвэрлэлийн Форум, Усан ба Цөмийн Эрчим Хүчний Компани, Цөмийн Түлшний Компани, Атомын Энергийн Судалгааны Институт, Цөмийн Зэсгийг Үл Дэлгэрүүлэх ба Хяналтын Институт, Солбрижийн Олон Улсын Бизнессын Сургууль, Рейкийн Олон Улсын Институт, Хөгжлийн Институт, Уур Амьсгалын өөрчлөлт ба Эрчим Хүчний Бодлогын Форум, Монголын Цөмийн Энергийн Газар, Физик Технологийн Хүрээлэн, Цөмийн Судалгааны Төв, Монатом болон Казахстаны Казатомпром гэх мэт газруудаас 50 гаруй хүн оролцсон.

Семинар цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт ашигт малтмал гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдлаа. Эхний чиглэлээр цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цөмийн эрчим хүчний төслийн менежмент, хяналт, хууль эрх зүйн орчин, хөнгөн уст реактор, бага болон дунд чадлын эрчим хүчний реактор, цөмийн эрчим хүчний станцын дэд бүтцийн талаар, харин хоёр дахь чиглэлээр газар доор уусган баяжуулах, хувиргах үйлдвэрүүд, цөмийн түлшний үйлдвэрлэл, цөмийн түлшний загвар ба Цөмийн Энергийн Газраас цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа төсөл, Монгол Улсын ураны орд, нөөц, цаашдийн ашиглалтын талаар илтгэл тавигдлаа.