2013.09.12. Цөмийн энергийн газрын шугамаар ирсэн Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Олон улсын цөмийн хүний нөөцийн хөгжлийн хэсгийн ахлагч Kazuyuki Nakamura, ахлах мэргэжилтэн Hiroyuki Murakami, Yukiko Yabuuchi нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, ЯАЭА-аас Азийн орнуудын цөмийн хүний нөөцийг мэргэшүүлэх зорилгоор зохион байгуулдаг сургагч багшийн сургалтыг бататгах зорилготой follow-up сургалтыг Монголд зохион байгуулах хэрэгцээ, боломжийг судлах, мэдээлэл өгөх, санал солилцон, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар ярилцав.
2013.10.22. Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий зөвлөх Kiyonobu Yamashita, зөвлөгч Nobuyoshi Arai, сургалтын зохицуулагч Makoto Sawada, олон улсын боловсролын төлөвлөлтийн зохицуулагч Nobuyuki Sato нар ирж, 2014 онд “Реакторын инженеринг” сэдвээр зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалтыг дагалдах Follow-up сургалын хөтөлбөр болон хичээл заах багшийн талаар ярилцав. Уг сургалтыг ЦЭГ, ШУТИС-ийн Үл эвдэх сорилын лаборатори, МУИС-ийн ЦСТ хамтран 2014 оны 8-р сарын 18-22 –ны өдрүүдэд зохион байгуулахаар тохиров.
2013.10.30-11.01. Физик технологийн хүрээлэнтэй хамтран ОХУ-ын “Росатом” улсын корпорацитай “Судалгааны реактор ба түүний ашиглалтын туршлага” сэдэвт хамтарсан семинар хийв. Семинарт “Росатом” улсын корпорацийн ”Русатом оверсис” (РАОС) компаний гүйцэтгэх дэд захирлын зөвлөх Н.Л.Позняков, “Шинжлэх ухаан ба иннноваци” удирдлагын компаний физик, эрчим хүчний блокийн эрдэм шинжилгээний удирдагч бөгөөд ерөнхий захирлын орлогч В.Д.Рисованый нар оролцож, ОХУ-д зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа цөмийн судалгааны реакторуудын талаар танилцуулга хийв. Семинарт оролцогчид Монгол улсад сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой судалгааны реакторын дизайн зохиох хамтлаг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.
2013.11.25-26. Япон улсын Токиогийн технологийн институтын Цөмийн эрчим хүчний дэвшилтэт системийн судалгааны төвийн (Center for research into innovative nuclear energy systems – CRINES) захирал профессор Toru Obara төвийнхээ Олон улсын градует хөтөлбөрт (International Graduate Program) 2014 оны 10-р сараас эхлэн суралцахыг хүсэж өргөдөл өгсөн хүмүүсээс ярилцлага шалгалт авч, хоёр төвийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2013.12.16. Франц улсын Цөмийн энергийн болон сэргээгдэх эрчим хүчний комиссариатын (CEA) Гадаад харилцааны хэлтсийн орлогч захирал доктор Daniel Iracane, Монголыг хариуцсан менежер Pierre Yves Thro нар Цөмийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, Франц улсын цөмийн эрчим хүчний салбарын туршлагаас танилцуулж, Цөмийн энергийн газартай байгуулсан “Цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт боловсрол, сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай” гэрээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов.