2021 он дөнгөж гарсантай зэрэгцээд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас NorthStar Medical Radioisotopes ХХК-д баяжуулсан Мо-98-аас Mo-99 гарган авах процесс болон түүний техниций-99м генератор болох RadioGenix системд зөвшөөрөл олгов. Энэ нь баяжуулсан Мо-98-ыг ашигласан арилжааны зориулалтаар хэрэглээнд нэвтэрсэн анхны технологи болж байгаа юм. ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад баяжуулаагүй Мо-98 ашиглан бага идэвхтэй Мо-99 гарган авч анагаахын салбарт ашигладаг жишээ их байдаг. Харин энэ технологийн онцлог гэвэл баяжуулсан Мо-98 бай ашиглан харьцангуй өндөр идэвхтэй Мо-99 үйлдвэрлэх ба ашиглахад илүү боловсронгуй техниций-99м генераторын систем юм.
Энд: 24%-ийн байгалийн тархалттай Мо-98 изотопыг 95% хүртэл баяжуулан диск хэлбэртэй бай бэлтгээд цөмийн реактор дээр нейтроны урсгалаар тодорхой хугацаанд шарна. Шарлагын явцад Мо-98 изотопууд (n,γ) урвалаар анагаахын салбарт өргөн ашиглагддаг Мо-99 болдог. Үүний дараагаар цацраг идэвхтэй болсон дискээ химийн процессд оруулж уусган шингэн төлөвт оруулан Source Vessel буюу цацрагийн хамгаалаттай бортогонд хийн эмнэлэгүүд рүү тээвэрлэнэ. Эмнэлэгт бортогыг RadioGenix системд суурилуулан тэндээс техниций-99м (Tc-99m)-ийг Мо-99-өөс ялган авч оношилгоо, шинжилгээнд ашигладаг.
Мо-99 – Тс-99m нь АНУ-д гэхэд өдөрт ойролцоогоор 40,000 өвчтөнд оношилгооны зориулалтаар ашиглагддаг маш чухал цөмийн оношилгооны цацраг идэвхт изотоп юм. АНУ-ын хувьд өмнө нь импортын Мо-99-өөс ихээхэн хамаараалтай байсан ч 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн уран бай ашиглахгүй тогтвортой Мо-99-ийн нийлүүлэлт хийх технологийг дэмжих төсөл, хөтөлбөрийн үр дүнд одоо дотоодын Мо-99-ийн нийлүүлэлт эрс нэмэгдээд байна.
NorthStar Medical Radioisotopes ХХК нь ойрын ирээдүйд хурдасгуурт суурилсан технологийн тусламжтайгаар Mo-100-гаас Mo-99 гарган авах технологио илүү сайжруулж хэрэглээнд нэвтлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Дэлхий дахинаа цөмийн оношилгоонд хамгийн өргөн (~80%) ашиглагддаг цацраг идэвхт изотоп бол техниций-99м (99mTc) юм. 99mTc изотоп нь 99Mo изотопын бета задралаас үүсдэг. Цацраг идэвхт изотопыг үйлдвэрлэж буй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дийлэнх нь өндөр баяжуулалттай уран бай материал ашиглан 99Мо-99mTc изотопыг үйлдвэрлэдэг. Гэхдээ процессын үр дүнд өндөр идэвхтэй цацраг идэвхт хаягдал үүсдэг тул сүүлийн жилүүдэд Олон улсын атомын энергийн агентлагийн санаачилгаар улс орнууд өндөр баяжуулалттай уран байнаас бага баяжуулалттай уран бай руу шилжих ажлыг тодорхой шат дараатайгаар эхлүүлээд байна.
Манай улсын хувьд 1975 онд Улсын төв нэгдүгээр эмнэлэгийн харьяа цөмийн онош зүйн тасаг байгуулагдсанаар цөмийн анагаах ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах болсон. Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарт цацраг идэвхт изотоп ашиглан бамбай булчирхайн хордлогот бахуун эмгэгийн оношилгоо болон эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр) үед донор эрхтэний үйл ажиллагаа болон шилжүүлэн суулгасны дараах үйл ажиллагаанд хяналт тавих, түрүү булчирхайтай холбоотой өвчлөлтийн оношилгоо, хорт хавдрын мэс заслын дараах хяналт, элэгний хорт хавдар, үе мөчний үрэвсэлт эмгэг, хавдрыг хөнгөвчлөх эмчилгээнүүдийг хийж байна.
Мэдээ бэлтгэсэн: Цөмийн Физикийн Судалгааны Төвийн Эрдэм Шинжилгээний Ажилтан Ч.Сайханбаяр
Эх сурвалж:
https://www.world-nuclear-news.org/Articles/FDA-approves-novel-non-uranium-Mo-99-production-pr
Non-Uranium Molybdenum-99