Усны хомсдол манай гариг дээр улам бүр нэмэгдэж, тэрбум гаруй хүн усны хомсдолд аль хэдийн нэрвэгдээд байна. Манай дэлхийн цэнгэг ус нь хязгаарлагдмал эх үүсвэр тул судлаачид, эрдэмтэд манай гаригийн оршин суугчдыг илүү цэвэр усаар хангах арга замыг эрэлхийлж байна.
Сингапурын Үндэсний Их Сургуулийн (National University of Singapore) судлаачид энэхүү асуудалд шийдэл олохоор нэгэн туршилтыг хийжээ. Судлаачдын баг гадны эрчим хүчний үүсгүүр ашиглахгүйгээр агаараас ус татдаг бодисыг бүтээсэн аж. Судалгааны үр дүнгээр бичсэн өгүүлэл Science Advances сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Энэхүү судлаачдын баг хөвөнтэй төстэй харагддаг, хэт ягаан туяаны аэрогель бүтээсэн бөгөөд эргэн тойрон дахь агаараас шингээсэн усыг гадагшлуулахын тулд уг аэрогелийг шахах шаардлагагүй юм. Мөн түүнчлэн цуглуулсан усыг нь гарган авахын тулд нэмэлт баттерей шаардлагагүй гэдгээрээ онцлогтой аж.
Сингапурт, чийглэг өдөрт 2.2 паунд (1 кг) аэрогель нь 17 литр ус үйлдвэрлэх боломжтой. Полимерийн молекулууд нь урт сүвэрхэг бүтэцтэй бөгөөд эдгээр нь аэрогелийг бүрдүүлдэг. Энэхүү полимерийн химийн бүтэц нь ус шингээх болон ус нэвтрүүлдэггүй шинж чанартай. Тиймээс “ухаалаг” аэрогель нь агаар дахь усны молекулуудыг татан авч, тэдгээрийг шингэн болгон нягтруулж, усыг гадагшлуулдаг байна. Мөн түүнчлэн, нарны гэрэл хангалттай байхад аэрогель маш хурдан усыг шингээж, агааржуулагчийн усны уурын 95% -ийг шингэн ус болгон хувиргадаг.
Судлаачдын баг нь энэхүү аргаар гарган авсан усаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ундны усны стандартаар баталгаажуулсан байна. “Агаар мандлын усыг дэлхийн гидрологийн мөчлөгөөр тасралтгүй нөхөж байдаг тул манай шинэ бүтээл нь цаг уурын янз бүрийн нөхцөлд тогтвортой цэвэр усны үйлдвэрлэлийг эрчим хүчний хамгийн бага зардлаар хангах ирээдүйтэй шийдлийг санал болгож байна” гэж Сингапурын үндэсний их сургуулийн Цахилгаан, компьютер инженерийн тэнхимийн профессор Хо Гим Вэй хэлсэн байна.
Сингапурын үндэсний их сургууль нь энэ төрлийн судалгааг хийдэг цорын ганц судалгааны баг биш бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт стартапууд технологи, биологийн ур чадвараа ашиглан ижил төрлийн судалгааг хийж байна.
Эх сурвалж: https://interestingengineering.com/researchers-turn-air-into-clean-water-using-smart-aerogel
Мэдээ бэлтгэсэн:
Цөмийн физикийн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Отгонпүрэв