Усан хөргүүртэй реакторууд нь анх үүссэн цагаасаа хойш арилжааны цөмийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа эрчим хүчний реакторуудын 95 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс гадна судалж, барьж байгаа цөмийн реакторуудын дийлэнх нь усан хөргүүртэй реактор байдаг.
Усан хөргүүртэй реактор нь цөмийн салбарын хөгжлийн эхийг тавьсан ба одоогийн байдлаар дэлхий дээр ажиллаж байгаа 442 реакторын 95% усан хөргүүртэй реактор байдаг. Эдгээр реакторуудын олонх нь анх 40 жилийн хугацаатай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан боловч, энэ салбар хөгжиж ашиглалтын хугацаа 60 болсон ба цаашлаад үүнээс ч удаан хугацаанд ажиллах боломжтой болж байна.
Усан хөргүүртэй реактор 2 төрөл байдаг. Үүнд буцалмал усан хөргүүртэй реактор, даралтат усан хөргүүртэй реактор орно. Бүх усан хөргүүртэй реактор баяжуулсан хуваагдагч изотоп болох U-235-ыг түлш болгон ашигладаг.
Хүнд усан реактор нь баяжуулсан усыг ашигладаг бөгөөд тэдгээрийн молекулууд нь хүнд устөрөгчийн изотоп болох дейтерийн 99% дээш хувийг агуулдаг. Энэхүү удаашруулагчаар ашиглаж байгаа хүнд ус нь нейтроны эдийн засгийг сайжруулж, түлшийг баяжуулах шаардлагагүй нөхцөлийг олгодог.
Усан хөргүүртэй реакторын хөгжилд одоо байгаа дизайны сайжруулалт, шинэ дизайны хөгжүүлэлт, өндөржүүлсэн аюулгүй байдлын зорилгууд, нөөцийн үр ашигтай ашиглалт, эдийн засгийн сайжруулалт зэргүүд багтана. Усан хөргүүртэй реакторын хөгжүүлэлтийн өөр нэг чухал зүйл бол модулан загвар юм.
Одоогийн байдлаар хэд хэдэн дэвшилтэт усан хөргүүртэй реакторыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй хамаатайгаар аюулгүй байдал, барилгын технологи, эдийн засгийн чиглэлийг ч мөн хөгжүүлж байна. Байгууламжийн дулааны үр ашиг болон эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд суперкритикал усан хөргүүртэй реакторын судалгаа, боловсруулалтыг хийж байна. Суперкритик ус нь температур болон даралтын критик нөхцөлд байх ба үүнд шингэн болон уур нь ялгагдахгүй байх ёстой. Ийм усыг ихэвчлэн нүүрс, газрын тос, хийн түлшээр ажилладаг байгууламжид ашигладаг. Супер критик усан хөргүүртэй реакторын үр ашиг бусад усан хөргүүртэй реактороос 1.3 дахин илүү байх төлөвтэй байгаа.
Эх сурвалж: https://www.iaea.org/topics/energy
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд