Эрдэмтэд квант технологи ашиглан тархины сигналыг бүртгэжээ. Энэ нь тархины сигналыг модуль квант мэдрэгч ашиглан бүртгэж байгаа анхны тохиолдол юм.
Суссексийн их сургуулийн Квант систем төхөөрөмжийн лабораторийн судлаачид тархины квант модуль сканерыг зохион бүтээж, тархины сигналыг амжилттай бүртгэж авсан нь тархины квант дүрслэлийн технологид гарсан түүхэн өөрчлөлт болсон байна. Судлаачид хамгийн анх удаа тархины модуль сканер ашиглан тархины сигналыг бүртгэж авлаа гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Судлаачид модуль мэдрэгчийг “лего тоглоом шиг’’ хооронд нь холбож, тархины бүтэн сканерыг хийж үзүүлсэн байна. Судалгаанд ашигласан мэдрэгч төхөөрөмжийн талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэлтэд байгаа бөгөөд одоогоор АНУ-ын зах зээлд худалдаагдаж байгаа квант тархины мэдрэгчийг ашиглах боломжгүй байгаа юм.
Энэ хэт- мэдрэмтгий квант мэдрэгч нь тархины доторх мэдрэлийн үйл ажиллагааны дүрслэл болон соронзон орны жижиг хэсгүүдийн долгионыг бүртгэснээр ажилладаг байна.
Зураг1.Судалгааны багийн бүртгэж авсан тархины сигналын дүрслэл
‘’Тархинд маш сул байдаг соронзон орны долгионыг бүртгэхийн тулд квант мэдрэгч нь маш сайн мэдрэх чадвартай байх ёстой.Үүнийг энгийн үгээр тайлбарлавал тархины соронзон орон нь хөргөгчийн соронзон оронгоос триллион дахин бага юм’’ гэж судалгааны багийн гишүүн Суссексийн их сургуулийн докторант Thomas Coussens хэлжээ. Эхлээд туршилтад оролцогчийн тархины бор гадаргын ойролцоох хуйхны хэсэгт мэдрэгчийг байрлуулсан байна. Дараа нь оролцогчид 10-20 секундийн зайтай нүдээ нээх, аних заавар өгсөн. Мэдрэгч оролцогчийн энэхүү хөдөлгөөний сигналыг илрүүлж бүртгэж чадсан байна. Энэ нь энгийн үйлдэл мэт боловч тархины дотор болж байгаа үйлдлийг харахад асар нарийн квант технологи шаардагдаж байгааг харуулж байгаа юм.
‘’ Бид хоёр мэдрэгчийг хооронд нь холбож модуль төхөөрөмжийн ажиллах зарчмыг харуулсан бөгөөд цаашид тархины дүрслэлийн системийг бүхэлд нь хувиргаж харуулахын тулд илүү олон тооны мэдрэгч бүтээх замаар энэхүү төслийг өргөжүүлэхээр төлөвлөж байна’’ гэж Coussens хэлэв. Энэхүү технологи нь ойрын ирээдүйд Альцхаймер гэх мэт мэдрэлийн эмгэгийг илрүүлэх, эмчлэхэд чухал ахиц дэвшил гаргах боломжтой юм.
Эх сурвалж: https://interestingengineering.com/scientists-just-recorded-a-brain-signal-using-quantum-technology
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Н.Отгонпүрэв