Mo-99/Tc-99m генераторыг үйлдвэрлэх, хавдрын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх талаар виртуаль сургалтыг зохион байгуулж байна

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны төслийн хүрээнд Монгол улсын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК)-ын дэмжлэгээр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ) “Radioisotopes and Radiopharmaceuticals for SPECT imaging” сэдэвт виртуаль сургалтыг 2020 оны 12-р сарын 7-18-ны хооронд зохион байгуулж байна.

Уг сургалтыг ОУАЭА-ийн мэргэжилтэн Аруна Корде, төслийн менежер Винсент Руэ, ЦЭК-ын ахлах мэргэжилтэн Ц.Отгонцэцэг, МУИС-ийн ХШУИС-ийн багш Б.Мөнхбат нар хариуцан зохион байгуулж байна. Сургалтыг виртуаль хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд ОУАЭА-ийн шинжээч, профессор Тамер Мустафа Хафез Скар, Анупам Матхур нар хичээл зааж байгаа ба нийт 8 байгууллагын 32 мэргэжилтэн оролцож байна.

Mo-99/Tc-99m генераторыг угсарч буй байдал.

Сургалтаар цацраг идэвхт изотопын анагаах ухааны салбар дахь хэрэглээ, ялангуяа хавдрын оношилгоо, эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Mo-99/Tc-99m генераторын тухай лекц, семинар орж байна. Энэхүү генераторыг үйлдвэрлэх, түүнд тавигдах чанарын хяналт, үйлдвэрлэлийн процесст тавигдах стандарт, генераторыг угсрахад шаардагдах лабораторийн дизайн, ажиллах боловсон хүчний шаардлага зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод өгч байгаа юм.

Монгол улс одоогийн байдлаар хавдрын оношилгоо, эмчилгээнд ашиглагддаг цацраг идэвхт изотопуудаа бүгдийг бусад орноос импортоор авдаг ба тээвэрлэлт, хил гаалийн татвар зэрэгтэй холбоотойгоор харьцангуй үнэтэй болдог. ЦФСТ нь ОУАЭА-ийн ТХА-ны төслийг хэрэгжүүлж дотооддоо Mo-99/Tc-99m генераторыг үйлдвэрлэх, дотоодын эмнэлэгүүдээ хангах зорилго тавьж ажиллаж байна. Энэхүү ажил дөнгөж эхлэх үе шатандаа явж байгаа бөгөөд хэрэв төсөл амжилттай хэрэгжиж генераторыг дотооддоо үйлдвэрлэж эхэлбэл хавдрын оношилгоо, эмчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулах юм.