БНХАУ CFR-600 хурдан нейтроны реакторын хоёр дахь блокыг барьж эхэллээ

Хятадын Фужиан мужийн Сяпу нутагт хоёр дахь сан төрлийн натрийн хөргүүртэй хурдан нейтроны CFR-600-ын барилгын ажил эхэллээ. Энэ  реактор нь БНХАУ-д цөмийн түлшний битүү циклийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Үүнд, нэг дэх блокыг 2017 оны сүүлээр барьж эхэлж, БНХАУ-ын үндэсний цөмийн корпорац (CNNC) -ийн CNLY нь “Росатом” компанийн охин компани  TVEL-тэй 2019 онд байгуулсан гэрээний дагуу цөмийн түлш авахаар болжээ.

2020 оны 12-р сарын 27-нд хоёр дахь блокийн барилгын ажил эхэлснийг CNNC мэдэгдэж, газар шорооны ажил яг нэг жилийн өмнөөс эхэлсэн байна. Тэр үеэс хойш төлөвлөгөөний дагуу зорилгодоо хүрэхийн тулд инженерийн ажлын цар хүрээ, хатуу хуваарь, барилгын ажлын хүндрэл болон бусад таагүй нөхцөл байдлыг даван туулсныг мөн дурджээ.

БНХАУ-ын хурдан нейтроны реакторын судалгааны ажил 1964 оноос эхэлсэн ба анх 65 МВт-ын Хятадын туршилтын хурдан нейтроны реактор (CEFR)-ийг Оросын ОКБМ Африкантов ОКБ Гидропресс, НИКИЕТ, Курчатов хүрээлэнтэй хамтран Бээжингийн ойролцоо 2003 онд барьсан. Энэхүү туршилтын реактор нь 2010 оны 7-р сард  20 MВт чадалтайгаар анх критик төлөвтөө хүрч, 2011 оны 7-р сард  цахилгаан шугам сүлжээнд холбогджээ. Уг реакторын голомтын өндөр нь 45 см бөгөөд 150 кг Pu (98 кг Pu-239) түлш агуулдаг. Реакторын температурын болон чадлын реактивити сөрөг утгатай.

CFR-600 хурдан нейтроны реактор (CDFR) нь Хятадын Атомын Энергийн Хүрээлэнгийн (CIAE) хөтөлбөрийн дараагийн алхам юм. CFR-600-г цахилгаан шугам сүлжээнд 2023 онд холбоно гэж төлөвлөж байгаа ба энэхүү реактор нь 1500 МВт дулааны чадалтай, 600 МВт цахилгааны чадалтай, 41% -ийн дулааны үр ашигтай, 100 ГВт∙өдөр/тн түлшний шаталтын гүнтэй MOX түлштэй, 480oС температурын уур үүсгэх натрийн хөргүүрийн хоёр хэлхээтэй юм. Түүнчлэн нөхөн үржилтийн харьцаа нь 1.1 орчим байх ба реакторын ажиллах хугацаа 40 жил байна. Тухайн реактор нь идэвхтэй болон идэвхгүй системээр унтрахаас гадна дулаанаа идэвхгүйгээр зайлуулах чадвартай.

Эх сурвалж:

https://www.world-nuclear-news.org/Articles/China-starts-building-second-CFR-600-fast-reactor

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд