Квантын боломжит шинэ бөөмийг нээсэн нь эрдэмтдийг гайхшруулж байна

Принстоны их сургуулийн физикчид санамсаргүйгээр тусгаарлагч материалаас гайхалтай шинж чанарыг олж илрүүлжээ. Саяхны туршилтуудын үеэр Принстоны их сургуулийн судлаачид тусгаарлагчаас металлуудад байдаг өвөрмөц шинж чанарыг олж мэдээд “маш ихээр гайхсан” гэж NewAtlas мэдээлжээ.

Принстоны физикчид энэхүү нээлтээрээ шинэ төрлийн квант бөөм байдаг болохыг харуулж, түүнийгээ Neutral (саармаг) фермион гэж нэрлэсэн байна. Тэд өөрсдийн олж мэдсэн зүйлээ Nature сэтгүүлд нийтэлжээ.

Гайхалтай судалгааны үр дүнгүүд

Ихэвчлэн, металлууд нь цахилгаан дамжуулж, тусгаарлагчид нь дамжуулдаггүй. Энэ нь металлын электронууд ерөнхийдөө маш их хөдөлгөөнтэй байдагтай холбоотой бөгөөд тусгаарлагчийн өндөр эсэргүүцэл нь энэ хөдөлгөөнийг удаашруулдаг.

Металл дахь электронууд хөдөлгөөн ихтэй тул квантын хэлбэлзэл гэж нэрлэгддэг үзэгдлийг гаргаж чаддаг.

Металлын электронууд нь маш бага температурт соронзон оронд өртөх үедээ материал дахь эсэргүүцлийн хэлбэлзлийг үүсгэдэг квант төлөвт шилжиж чаддаг. Принстонд саяхан нээгдэх хүртэл тусгаарлагчийн хувьд энэ байдал нь өндөр эсэргүүцэлтэй тул хүрч чадахгүй гэж бодож байсан.

Тусгаарлагч дахь квантын хэлбэлзэл

Принстоны судлаачид вольфрам дителлурид хэмээх материалаар хийсэн тусгаарлагчаас хэрхэн квантын хэлбэлзлийг санамсаргүйгээр олж илрүүлснээ нарийвчлан судлав.

Соронзон оронд байх материалын эсэргүүцлийг хэмжих явцдаа тэд энэхүү ер бусын шинж чанарыг илрүүлсэн.

Уг судалгааны өгүүллийн зохиогчдын нэг Санфэн Ву нь “Энэ бүхэн гэнэтийн зүйл болсон” бөгөөд “Бид өөрсдөөсөө “Энд юу болоод байгаа юм бэ?” гэж асуусан. Бид одоохондоо бүрэн ойлгоогүй байна” хэмээн тайлбар өгчээ.

Квантын боломжит шинэ бөөм

Судлаачид энэ үзэгдлийг тайлбарлах онол одоогоор алга байна гээд өөрсдийн таамаглалыг дэвшүүлсэн аж. Энэ нь хэлбэлзэж байгаа электронууд биш. Харин тусгаарлагч материал дахь хүчтэй харилцан үйлчлэл нь энэхүү ажиглагдаад буй үзэгдлийг үүсгэж байгаа квантын шинэ бөөмийг бий болгосон байж болзошгүй юм гэж судалгааны багийнхан итгэж байгаа аж. Тусгаарлагчаар дамжин өнгөрөх аливаа бөөм нь саармаг цэнэгтэй байх ёстой тул судлаачид таамаглалын бөөмүүдээ саармаг фермионууд гэж нэрлэжээ.

“Хэрэв бидний тайлбар зөв бол бид үндсэндээ квант бодисын шинэ хэлбэрийг олж харж байна”, мөн “Бид одоо тусгаарлагчид нуугдсан цоо шинэ квант ертөнцийг төсөөлж байна. Бид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тэдгээрийг тодорхойлохгүйгээр энгийн байдлаар орхигдуулсан байсан юм.” гэж судлаач Ву хэлсэн байна.

Судлаачид цаашдын туршилтаар шинэ квант бөөм гэж нэрлэж байгаа саармаг фермионуудын оршин тогтнолыг үргэлжлүүлэн судлах болно гэжээ.

Эх сурвалж: https://interestingengineering.com/possible-new-quantum-particle-discovery-surprises-scientists

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Н.Батцоож