Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага чадлын модуль реакторыг ашиглана

Их Британи улс хүлэмжийн хийн (CO2) ялгаруулалтаа бууруулах зорилгоор бага чадлын (300 МВт-аас бага дулааны чадалтай) цөмийн эрчим хүчний реакторуудыг барина.

Их Британийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар барихаар зорьж буй 16 бага чадлын модуль реактор (БЧМР)-ыг бүтээн байгуулснаар бүс нутгуудын цахилгаан станцын чадлыг 440 МВт хүртэл хэмжээгээр өсгөх боломжтой талаар Роллс-Ройс компани мэдэгджээ. 60 жилийн турш ашиглах боломжтой тэдгээр реакторуудын зөвхөн нэг нь л гэхэд 450,000 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад хүрэлцээтэй аж. Роллс-Ройс компани сэргээгдэх эрчим хүчний станц шиг хаана ч байрлуулах боломжтой цөмийн модуль реакторын туршилтын 2 загварыг гаргасан байна.

БЧМР-ыг тус улсад байгуулахыг дэмжин ажиллаж буй Их Британийн бага чадлын модуль реакторын консорциумын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Том Самсон “Бид найдвартай, нүүрстөрөгч ялгаруулдаггүй, цөмийн эрчим хүчийг хямд төсөр байдлаар нийлүүлэх боломжтой технологийг хөгжүүлсэн” талаараа өгүүлжээ.

Их Британийн засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх төлөвлөгөөний хүрээнд 2 тэрбум фунт стерлингийг гаргахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 7 байршил дахь 15 цөмийн эрчим хүчний реактор тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тавны нэгийг үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд 6 байршлын цөмийн реакторуудыг цахилгаан шугам сүлжээнээс гаргах ба 2035 онд сүүлийн нэгийг буулгахаар төлөвлөж байна.

Эрчим хүчний мэргэжилтнүүд БЧМР нь хүлэмжийн хийн ялгаруулалт бараг байхгүй, цахилгаан сүлжээний багтаамж багатай, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж буй орнуудад жижиг хэмжээний дэд бүтэц байгуулах зэрэгт хамгийн боломжит шийдэл гэж үздэг. Үүнээс гадна уламжлалт цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-тай харьцуулахад шаардагдах хөрөнгө оруулалт харьцангуй бага, шаардлагатай үед чадлыг нэмэх боломжтой.

Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудад зориулж жижиг цөмийн реакторуудыг 1950-аад оноос зохион бүтээсэн бөгөөд Роллс-Ройс компани нь олон арван жилийн турш цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудад зориулж реактор зохион бүтээжээ.

Тус компани нь уламжлалт цөмийн реактор гэхээс илүү үйлдвэрт шууд угсрах боломжтой бага чадлын цахилгаан станцыг бий болгосноор цөмийн эрчим хүчний станц барихтай холбоотой эрсдлийг багасгаж, реакторын бүрэлдэхүүн хэсгүүдэд баталгаажсан цөмийн технологийг ашигласнаар барих үеийн үнэ өртгийг бууруулж чадсан.

Уламжлалт реакторууд  их чадалтай, хэмжээ том, цогц системтэйгээс гадна аюулгүй байдлын маш өндөр стандартыг хангах ёстой гэсэн шаардлагуудтай учраас харьцангуй өртөг өндөр байдаг.

Бага чадлын модуль реакторын онцлог

БЧМР–ын дизайны онцлог нь нэгж бүрээр угсрагдаж бүрэн цогц болдог. Дийлэнх загварууд нь таваас долоон модулийг холбож бүрэн угсрагддаг. Бага чадлын реактор нь эдийн засгийн үзүүлэлтээр их чадлын реактортай харьцуулахад муу боловч, хөрөнгө оруулалтын зардал тодорхой хэмжээгээр бага, хурдан хугацаанд зардлаа нөхөх боломжтой. Бага чадлын реакторын эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд сүүлийн үеийн дизайнууд дараах шаардлагуудыг хангаж байх хэрэгтэй.

  • Станцын хийцийг хялбарчилж, дизайныг сайжруулснаар ослын шалтгаан, үр дагаврыг бууруулах;
  • Реакторын барих хугацаа, өртгийг бууруулж, хөрөнгө оруулалтын нөхөх хугацааг хурдасгах (реакторын хэмжээ тээвэрлэж болохуйц авсаархан байх, станцын нутаг дэвсгэрт тодорхой сайжруулалт хийхгүйгээр стандарт дизайнтай байх);
  • Стандартчилагдсан станц буюу бүхэл систем, бүрэлдэхүүн хэсгүүдийн модулийг тус тусад үйлдвэрлэж үнийг бууруулах;

Жишээ: БЧМР нь дэвшилтэт хөнгөн уст реактортай харьцуулахад илүү хямд бөгөөд ашиглагдаж байгаа БЧМР-ыг сайжруулахад үйлчилгээ нь маш хямд байдаг. Хэд хэдэн БЧМР-ыг нийлүүлж их хэмжээний чадал үйлдвэрлэхээс гадна нэгж хэсгээр нь өөр эрчим хүчний сүлжээтэй хамтатган ашиглах, мөн эрчим хүчний багтаамж бага болон алслагдсан мужид хэрэглэх боломжтой зэргээр маш уян хатан байдлыг санал болгодог.

Эх сурвалж:

https://www.sustainability-times.com/low-carbon-energy/small-nuclear-reactors-could-help-lower-the-uks-emissions/

https://www.rolls-royce.com/products-and-services/nuclear/small-modular-reactors.aspx#/

http://aris.iaea.org

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Т.Жамъянсүрэн