Япон улсын Аж үйлдвэрийн тэргүүлэгчид цөмийн эрчим хүчний салбарыг дахин сэргээж эхлэх нь зүйтэй гэж үзэж байна

Япон улс нүүрсхүчлийн хийг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд цөмийн эрчим хүчийг ашиглах шаардлагатай байна. Тиймээс үйл ажиллагааг нь түр зогсоосон реакторуудыг аль болох хурдан сэргээж реактор ажиллах хугацааг уртасгаж, цөмийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Японы Атомын Салбарын Форум (JAIF) болон Япон Төмөр ба Гангын Холбооны (JISF) удирдагчид шинэ жилийн мэдэгдэлдээ онцолсон байна.

Япон цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 2030 он гэхэд 20-22% болгож нэмэгдүүлэх зорилго  баталсан боловч Фүкүшима Дайчигийн ослын дараа унтраасан реакторуудыг дахин ажиллуулах процесс удаашралтай болсон. Олон Улсын Энергийн Агентлагийн мэдээлж байгаагаар 2020 оны 1-р сарын байдлаар 15 реакторын үнэлгээ шалгалт амжилттай явагдаж дууссан ба тэдгээрээс есөн реакторын үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэсэн. Бусад үйл ажиллагааг сэргээж болох 18 реакторууд нь Цөмийн Хяналтын Газрын (NRA)  шалгалтын процессод явж байна. Эдгээрээс хэд хэдэн реакторууд нь өгөгдсөн хугацаанд шинэ хуулийн хүрээнд шаардсан нөөц удирдлагын төв болон бусад аюулгүй байдлын байгууламжуудыг барьж амжаагүйн улмаас тэдний үйл ажиллагааг зогсоох төлөвтэй байна.

2018 онд гаргасан Японы Үндсэн Эрчим хүчний Төлөвлөгөөнд нийт эрчим хүчний 22-24%-ийг сэргээгдэх эрчим хүч, 20-22% -ийг цөмийн эрчим хүч, үлдсэн 56%-ийг чулуужмал түлшээр (fossil fuels) эрчим хүч үйлдвэрлэхээр тусгасан ба уг төлөвлөгөөг 2021 онд шинэчлэхээр төлөвлөсөн байна.

2020 оны аравдугаар сард парламентын хурлын нээлтэн дээр Японы ерөнхий сайд Ёшихидо Суга Япон улсыг 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэггүй буюу “net-zero” үндэстэн болгоно гэж онцолсон. Япон улс нь дэлхий гуравдагч том эдийн засагтай ба нүүрсхүчлийн хий ялгаруулалтаар дэлхийд эхний тавд жагсдаг юм. Энэ нь цаашлаад 2030 он гэхэд нийт эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 50% болтол өсгөнө гэсэн үг юм гэдгийг мөн дурдсан байна.

JAIF-н захирал Такаши Има 2021 оны шинэ жилийн мэдэгдэлдээ 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэггүй улс болно гэсэн зорилгод хүрэхийн тулд бид нүүрсхүчлийн хий бага гаргадаг цөмийн эрчим хүчийг ашиглах зайлшгүй шаардлагатай гэж онцолсон. Япон улс хязгаарлагдмал байгалийн нөөцтэйгээс гадна эрчим хүчний ихэнх хувийг гаргаж байгаа чулуужмал түлшний түүхий эдийг гадны улсаас импортолж байгааг анхааруулаад, улсын бие даасан байдалд цөмийн эрчим хүчийг ашиглах нь “илүү санаачлагатай” гарц болохыг тодотгосон.

Түүний үгнээс иш татвал: “Нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй ба эрчим хүчний хувьд бусдаас хараат бус бие даасан улс болохын тулд үйл ажиллагааг зогсоосон реакторуудыг дахин ажиллуулж, хуучирсан реакторуудыг сэргээх ба шинэ реакторууд барихад хичээл зүтгэл гарган ажиллах шаардлагатай” гэсэн байна.

JAIF-н ерөнхийлөгч Широ Арай хэлэхдээ Kashiwazaki-Kariwa 6 ба 7, Onagawa 2, Tokai Daini, Takahama 1 ба 2 болон Mihama 3 зэрэг станцын үйл ажиллагааг дахин эхлүүлэх процессыг “тасралтгүй” үргэлжилнэ гэж “маш их найдаж” байна гэв. Эдгээр нь бүгд Японы аюулгүй байдлын шинэ стандартад нийцсэн шинэчлэлтүүдийг хийж, хяналтын байгууллагын зөвшөөрөл авсан байгууламжууд юм.

Түүнчлэн Широ Арай засгийн газрын удахгүй гаргах Зургадугаар Эрчим хүчний Стратегийн Төлөвлөгөө нь “одоогийн баримталж байгаа цөмийн эрчим хүчний салбараас хамааралтай байдлыг бууруулах бодлогыг засварлахад чиглэх  хэрэгтэй” гэж үзсэн. Төлөвлөгөөний нэг хэсэг болох Ногоон Хөгжлийн Стратегид 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй үндэстэн болох зорилгын хүрээнд Бага Чадлын Модуль реакторууд болон устөрөгч гаргаж авах зэрэг цөмийн технологийн “шинэлэг инновацуудыг” оруулж өгснийг мөн сануулсан.

Ган үйлдвэрлэлийн салбарт цөмийн эрчим хүч хэрэгтэй

JISF-ийн захирал Эйжи Хашимото-ийн үзэж байгаагаар нүүрсхүчлийн хий үйлдвэрлэхгүйгээр ган гаргаж авах нь маш том сорилт юм. Устөрөгчийг ашиглан ган үйлдвэрлэж болох ч технологитой холбоотой маш их хүндрэлүүд байгааг мөн хэлсэн. Уг процесс нь нүсэр хэмжээтэй, үнэтэй нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй дэд бүтцээс гадна засгийн газраас удаан хугацааны дэмжлэг шаардагдана.

Тэрээр Японы засгийн газрыг зөвхөн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлэхээс гадна үнэтэй цахилгааны төлбөрийг бууруулж өртөг багатай ган үйлдвэрлэх “шийдэл” олж өгөх хэрэгтэй байна гэж сануулсан. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж байгаатай холбоотой цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ түр зогсоогоод байгаа цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх шаардлагатайг онцолсон. Түүний үзэж байгаагаар засгийн газар үндсэн эрчим хүчний төлөвлөгөөг шинэчлэн салбарын болон эрчим хүчний бодлоготой уялдуулан цөмийн эрчим хүчний оногдлыг нэмэх нь зүйтэй юм.

Эх сурвалж:

https://www.world-nuclear-news.org/Articles/Japanese-industry-leaders-call-for-nuclear-restart

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Г.Нарантунгалаг