Чернобылийн мөөгөнцөр нь сансрын нисэгчдийг сансрын туяанаас хамгаалах боломжтой

  • Цацраг туяа нь нь урт хугацааны аялалын үед сансрын нисэгчдэд заналхийлж буй хамгийн том аюулын нэг байдаг.
  • C.Sphaerospermum нь цацраг идэвхт орчинд радиосинтез гэж нэрлэгддэг процессоор үрждэг мөөгөнцөр юм.
  • Тус судалгааны үр дүнгээс харахад дурдагдаж буй мөөгөнцрийн нимгэн үе нь сансрын нисэгчдийг сансрын туяанаас үр дүнтэй хамгаалах боломжтой аж.

Сансрын нисэгчдийг сансарт хийх урт хугацааны аялалын үед нь сансрын цацрагаас хэрхэн хамгаалах вэ? Олон улсын сансрын станц дээр саяхан хийгдсэн нэгэн туршилтаар шинэлэг шийдлийг санал болгосон байна. Цацраг туяаг иддэг нэгэн төрлийн мөөгөнцөр нь сансрын гамма цацрагийн эсрэг өөрийгөө нөхөн сэргээх чадвар бүхий хамгаалалт байдлаар ашиглагдах боломжтой ажээ.

Cladosporium sphaerospermum (C.Sphaerospermum) төрлийн мөөгөнцөр нь ийм чадвартай байна. Энэхүү экстремофил төрлийн мөөгөнцөр нь Чернобылийн атомын цахилгаан станц шиг их хэмжээний цацрагтай орчинд амьдрах чадвартай бөгөөд цацраг туяа бол түүний хувьд нь аюул биш харин ч хоол нь болдог аж. Учир нь энэхүү мөөгөнцөр нь радиосинтез гэж нэрлэгдэх процессоор гамма цацрагийг химийн энерги болгон хувиргаж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, үүнийг нарны гэрлээр бус цацраг туяагаар явагддаг фотосинтезтэй зүйрлэж болно. Радиотрофик (radiotrophic) мөөгөнцөр нь та бидний арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог будагч бодис болох меланиныг ашиглан радиосинтез явуулах замаар рентген болон гамма цацрагийг химийн энерги болгон хувиргадаг байна. Гэхдээ эрдэмтэд энэ процессыг бүрэн судалж чадаагүй байгаа ч энэхүү судалгааны үр дүнгээс уг мөөгөнцрийн эсийн хананд их хэмжээгээр байх меланин нь электронуудыг дамжуулах бөгөөд улмаар энэ нь энерги олж авах боломжийг олгож байна гэж үзсэн байна.

Мөөгөнцрийн эхний 48 цагийн ургалт. A нь хугацаа эхлэх үе бөгөөд тус бүр 6 цагийн зайтайгаагаар I буюу 48 цаг хүртэлх C.Sphaerospermum мөөгөнцөрийн ургалтыг оптик нягтралаар харуулсан байдал (орбит дээрх лаборатори).

Мөөгөнцөр нь өөрөө хувилдаг тул сансрын гүнд аялаж буй сансрын нисэгчдийн хувьд цацрагийн хамгаалалтаа өндөр зардалтай нэмэлт хангамжгүйгээр өөрсдөө сансарт ургуулах боломжтой гэсэн үг юм. Гэсэн хэдий ч судлаачид C. Sphaerospermum нь сансрын станцад амьд үлдэх боломжтой эсэхэд эргэлзэж байна.

Учир нь дэлхий дээрх цацрагийн ихэнхи үүсгүүр нь гамма болон рентген цацраг байдаг бол сансарт болон Ангараг гариг дээр эдгээр цацрагаас гадна өөр төрлийн, их энергитэй бөөмс (ихэвчлэн протон) байдаг. Эдгээр их энергитэй цацрагууд нь гамма болон рентген цацрагаас илүү хор хөнөөлтэй тул Олон Улсын Сансрын Станц (ОУСС) дээр энэ мөөгөнцөр амьд үлдэхэд эргэлзээтэй байгаа аж.

C.Sphaerospermum мөөгөнцөр.

C.Sphaerospermum-ийн цацрагийг эсэргүүцэх чадвар (Radio-resistance)-ыг сансарт туршихын тулд 0.06 инч (1.52 мм)-ийн мөөгөнцрийн давхарга агуулсан петрийн аягыг ОУСС дээр сансрын туяанд өртүүлсэн байна. Мөн хяналтын зорилгоор мөөгөнцөргүй петрийн аягыг цацрагт шарсан. Үр дүнд нь мөөгөнцөр цацрагийн түвшинг 2%-иар бууруулж байгаа тогтоогдсон аж.

Туршилтыг хийсэн эрдэмтэд C.Sphaerospermum мөөгөнцөрийн 8 инч (25см) орчим зузаантай давхарга нь “Ангараг гаригийн гадаргуу дээрх цацрагийн орчноос нэг жилийн хугацаанд авах цацрагийн эквивалент тунгийн нэлээд хэсгийг багасгах боломжтой” гэж тооцоолжээ. Энэ нь сансрын нисэгчдийн хувьд маш их ашигтай тал болох юм. Учир нь Ангараг гариг руу нэг жилийн турш аялахад сансрын нисэгчдийн авах тунгийн хэмжээ нь дэлхий дээр байгаа бүх хүний жилд авах дундаж тунгаас 66 дахин их байдаг аж.

Судлаачдын хэлж буйгаар C.sphaerospermum-ийг сансрын хөлөг дээр цацраг туяанаас хамгаалах бусад технологитой хослуулан ашиглах талаар өргөн хүрээний судалгаа хийх шаардлагатай байгаа аж.

“Хүн төрөлхтний хөгжлийн явцад учирч буй бэрхшээлтэй асуудлуудад байгаль, дэлхий аль хэдийн санамсаргүйгээр боловч гайхмаар үр дүнтэй инженерийн тохирсон шийдлүүдийг бий болгосон байдаг. C.Sphaerospermum болон меланин нь ирээдүйд Сар, Ангараг, цаашлаад илүү алсын сансрын аяллын үед сансрын нисэгчдийн үнэтэй бус, найдвартай цацрагийн хамгаалалт болох боломжтой” хэмээн уг судалгааг хийсэн эрдэмтэн судлаачид үзэж байна.

Эх сурвалж:

https://bigthink.com/surprising-science/radiation-on-mars-fungus?rebelltitem=2#rebelltitem2

Мэдээ бэлтгэсэн. ЦФСТ-ийн ЭША Т.Мөнх-Эрдэнэ