Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах нь хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын худалдаанд дэмжлэг үзүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) нь цөмийн технологийг ашиглан гишүүн орнуудад хүнсний бүтээгдэхүүний цацрагийн боловсруулалт, бохирдуулагчдын илрүүлэлт, гарал үүслийн баталгаажуулалт, олон улсын стандартыг тогтооход дэмжлэг үзүүлдэг.
Хүнсний аюулгүй байдал, чанар баталгаажуулалт зэрэг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хүнсний бүтээгдэхүүний экспорт болон, экспортлох чадамжтай хөгжиж буй орнуудад чухал ач холбогдолтой юм. Аюулгүй, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүний олон улсын стандарт, удирдамж, зөвлөмж нь олон улсын худалдааны урьдчилсан нөхцөл болдог.
Энэ нь эргээд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц болон эцсийн үе шатанд хүнсний бохирдол болох пестицидийн үлдэгдэл, малын гаралтай эм тариа, микотоксин зэргийг хянахад шаардлагатай аналитик чадвартай байхыг шаарддаг билээ.
ОУАЭА нь Нэгдсэн үндэсний хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮХХААБ)-тай хамтран гишүүн орнуудад хүнсний аюулгүй байдлыг зохицуулах шинжлэх ухааны шийдэл бүхий цөмийн болон түүнтэй холбоотой техник технологийг боловсруулж, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Олон улсын стандартууд нь дэлхийн даяарх хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлдэг.
Тогтвортой хүнсний аюулгүй байдлын сүлжээ нь хүнсний хяналтын систем болон хүнсний шинжилгээг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр сүлжээ нь хүнсний худалдаа даяаршиж байгаа өнөө үед үндэсний болон бүс нутгийн байгууллагуудад хөшүүрэг болж чаддаг.
Орчин үед цөмийн шинжилгээний аргад тогтвортой изотопыг дотоод стандарт болгон ашиглах болон бага төвшний цацраг идэвхт урвалжийг лабораторид хүнсний бохирдлыг илрүүлэх шинжилгээнд хэрэглэж байна.
Изотопын харьцааны хэмжилт нь цөмийн массын ялгааг нарийн тогтоох хэмжилт бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг гарал үүслээс нь эхлэн судлах, бүтээгдэхүүний найрлага шошгон дээр дурдсантай ижил эсэхийг шинжлэх боломжоор хангана.
Рентген туяа, электрон бөөм болон гамма цацраг нь хүнсний аюулгүй байдлыг хангахад ашиглагддаг ба энэхүү цөмийн технологи нь хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэх, бактери гэх мэт хоол хүнсээр дамждаг эмгэг төрүүлэгчид, хөдөө аж ахуйн хортон шавьж зэргийг устгадаг ихээхэн үр нөлөөтэй салбар юм.
Эх сурвалж: https://www.iaea.org/topics/food-safety
Мэдээллийг бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд