HELION ENERGY 100 САЯ ГРАДУС ЦЕЛЬСИЙН БОСГЫГ ДАВЛАА

Халуун цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлэгч компани болох Helion Energy нь саяхан өөрсдийн бүтээсэн 6 дахь үеийн туршилтын генератор дээрээ 100 сая градус Цельсийн босгыг давсан туршилт хийсэн талаараа өөрсдийн веб хуудсаараа мэдээлсэн бөгөөд энэхүү амжилтыг гаргасан хамгийн эхний хувийн компани болсон юм. 

6 дахь үеийн халуун цөмийн урвалын генератор 

Халуун цөмийн урвалаас асар их хэмжээний энерги ялгардаг учир эрдэмтэд түүнийг дэлбэлэхгүйгээр удирдан явуулах реактор эсвэл төхөөрөмжийг бүтээх туршилтын ажлуудыг хийж байна. Халуун цөмийн урвал нь наран дээр явагдаж байдаг урвал бөгөөд үүнийг дэлхий дээр туршихын тулд плазмыг асар өндөр буюу 100 сая градус Цельсиэс дээш халаах шаардлагатай. Энэ тохиолдолд нь хөнгөн цөмийн нэгдэх урвал явагдах нөхцөл бүрддэг. Энэ их өндөр температурыг тэсвэрлэх материал дэлхийд одоогоор байхгүй ч анх 1950-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэд болох Игор Тамм болон Андрей Сахаров нар соронзон орны тусламжтайгаар халуун цөмийн урвалыг явуулах өндөр температурын плазмыг хадгалах боломжтойг харуулсан. Соронзон оронд цэнэгт бөөм тойрог замаар хөдөлбөл соронзон орны зүгээс цэнэгт бөөмд Лоренцын хүч үйлчлэнэ. Энэ зарчмыг ашиглах боломжтой. Торойд хэлбэрийн ороомгоор асар хүчтэй тогтмол гүйдэл гүйлгэвэл түүний орчинд мөн хүчтэй соронзон орон үүснэ. Плазм савны хананд хүрэхгүй, гэхдээ сав нь маш хүчтэй халдаг учир түүнийг маш эрчимтэй хөргөх шаардлагатай. Дэлхий дахинаа ийм зарчмаар ажилладаг төхөөрөмжийг токомак гэдэг.

Токомак төхөөрөмжийн ажиллах зарчим 

Дэлхий дээр баригдаж байгаа туршилтын реактор болон ажиллаж байгаа төхөөрөмжүүд ихэнх нь дээрх зарчмаар ажилладаг.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Helion-announces-fusion-milestones

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ч.Сайханбаяр