Интернет цөмийн реакторын лабораторийн сургалт зохион байгуулагдлаа

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Кён Хи” их сургуулийн цөмийн судалгааны реактор болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр Интернет цөмийн  реакторын лабораторийн (ИЦРЛ) анхны уулзалт зохион байгуулагдлаа.  

Энэхүү сургалт нь оюутан, сурагчдад реакторын физикийн боловсрол олгох, гишүүн орнуудад хүний нөөцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Интернет цөмийн реакторын лабораторийн сургалт нь цөмийн ямар нэгэн суурь байгууламжгүй боловч цөмийн реакторын физикийн сургалтын хөтөлбөртэй улс орнуудад зориулагдан хийгддэг.  

Сургалтаар өндөр хөгжилтэй аль нэг гишүүн орны цөмийн судалгааны реакторын бодит үйл ажиллагааг интернетээр дамжуулж цахим хэлбэрээр сургалтад хамрагдаж буй улсад шууд хүргэх, түүн дээр реакторын физикийн төрөл бүрийн лабораторийн хичээл, туршилт хийх байдлаар зохион байгуулагддаг.  

Энэ удаагийн уулзалтаар тухайн цөмийн судалгааны реактор дээр хийгддэг 6-н лабораторийн туршилтыг хийж гүйцэтгэсэн ба ИЦРЛ-ын хөтөлбөрийг авч байгаа орнуудад анхан шатны мэдээлэл өгөх, танилцуулах, дараа дараагийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой явагдлаа.  

Монголд анх удаа цөмийн судалгааны реактор дээр онлайн хэлбэрээр лабораторийн хичээл орох боломж бүрдэж байна. МУИС-ХШУИС-ийн “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрт энэхүү онлайн  лабораторийн хичээлийг “реакторын физикийн лаборатори” нэртэйгээр заавал үзэх лабораторийн хичээл болгож оруулсан ба ирэх хичээлийн жилээс орж эхлэхээр төлөвлөж байгаа тул энэхүү уулзалт нь  бэлтгэл ажил нь болж байгаа юм. 

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 6-н үндсэн реакторын физикийн туршилт хийхийг санал болгосон. Эдгээр туршилтууд нь цөмийн судалгааны реактор дээр хамгийн түгээмэл хийгддэг лабораторийн ажлууд болно.  

  1. Туршилт 1: Реакторыг ажиллуулах (реактивитиг хянах, чадлыг өөрчлөх) 
  2. Туршилт 2: Реакторын кинетик 
  3. Туршилт 3: Критик нөхцөлд оруулах 
  4. Туршилт 4: Савааны үнийг хэмжих 
  5. Туршилт 5: Дулааны нейтроны урсгалыг хэмжих (Нейтрон идэвхжлийн анализ) 
  6. Туршилт 6: Температур болон ойлгогчийн нөлөө 

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Т.Жамъянсүрэн