Физикчид ураны шинэ изотопыг гаргаж авчээ

Хятадын Хүнд Ионы Судалгааны Төвийн физикчид ураны хамгийн хөнгөн изотоп болох уран-214 (214U)-ийг гарган авчээ.  

Байгаль дээрх ураны 99.3%-ийг 238U, 0.7%-ийг 235U, маш бага хувийг 234U эзэлдэг бөгөөд эдгээр бүх изотопууд цацраг идэвхтэй, альфа задралаар задардаг мөн хагас задралын үе нь 159200 жилээс 4.47 тэрбум жилийн хооронд байдаг. 

Шинэ ураны изотоп болох 214U-ийг үүсгэхийн тулд физикчид тангстен-182 (182W) бай цөмийг аргон-36 (36Ar)-аар бөмбөгдөж 182W(36Ar, 4n)214U урвалыг явуулжээ. “Энэ урвалыг явуулахад мөргөлдөөн болгон бидний хүссэн атомыг үүсгэхгүй байсан тул ураны-214 атомыг үүсгэхэд хэцүү байсан. Ойролцоогоор 1018 сум бөөм бай цөмтэй мөргөлдөхөд хоёр нь л уран-214 цөмийг үүсгэсэн.” хэмээн тэд хэлжээ.  

Судлаачид уран-214  цөмийн задралыг ажиглаж хагас задралын үе нь 0.52 миллисекунд хэмээн тодорхойлжээ. Өмнө тэд ижил төрлийн туршилтаар уран-216 болон уран-218 изотопуудыг нээсэн бөгөөд хагас задралын үе нь 2.25 миллисекунд болон 0.65 миллисекунд байсан. Мөн тэд 214U болон 216U нь бусад ураны изотопуудтай харьцуулахад альфа задралд орох буюу 2 протон 2 нейтроноо алдах нь амархан байгааг ажиглаж энэ магадлал нь цөмд байх протон нейтроны хоорондын харилцан үйлчлэл нь бусад изотопуудаасаа илүү хүчтэй байгаатай холбоотой хэмээн таамаглажээ.  

Хэвлэгдсэн өгүүлэл: DOI: 10.1103/PhysRevLett.126.152502 

Эх сурвалж: https://www.newscientist.com/article/2274847-physicists-have-created-a-new-and-extremely-rare-kind-of-uranium/ 

http://www.sci-news.com/physics/uranium-214-09658.html

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Т.Мөнх-Эрдэнэ